Монгол улс 1.207.690 жолоочтой
2019/03/22

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Манай Улс 2019 оны байдлаар нийтдээ 970 мянга 860 орчим тээврийн хэрэгсэл, 1 сая 207 мянга 690 жолооч, 12 мянга 105 км хатуу хучилттай автозамтай. Үүнээс нийслэл хотод албан бус тоогоор 500 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас өдөр тутамд 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972,  нийслэл хотын хэмжээнд 427 алба хаагч үүрэг гүйцэтгэдэг.

Нийслэл хотын хэмжээнд хяналт шалгалтыг хоногт 400 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэгийг хяналтандаа авч ажиллаж байгаа бөгөөд дүүргүүд дэх захын хорооллуудад хүн хүчний дутмагаас хяналтгүй байгаа хэдий ч “Иргэн бүр цагдаа” уриан дор иргэдээс зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна.

2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авч 4265 зам тээврийн осол шалган шийдвэрлэснээс Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэрэг бүртгэгдсэний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.

Осол, хэргийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 21.9 хувиар буурч, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7,3 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлт, бууралтгүй боловч амь насаа алдсан 56 хүний 43 нь буюу 77 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд 46,4 хувь нь онхолдох хэлбэрээр, нийслэл хотын хэмжээнд авч үзвэл уулзвар гарц нэвтрэх, хоорондын зай тохируулахгүй байх, эгнээ байр буруу эзлэх зэргээс шалтгаалсан зам тээврийн осол 86 хувийг эзэлж байна.

Эхний 2 сард төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 1 бүртгэгдсэн бөгөөд галт тэргэнд дайрагдаж нас барсан 1, галт тэргэнд мөргүүлж гэмтсэн 3, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 8 хэрэг тус тус бүртгэгджээ.

"Орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон явган зорчигч нар анхаарал болгоомжгүй, галт тэрэг ойртон ирж байгааг анзаарахгүй, гэрлэн дохионы заалтыг зөрчиж гармаар нэвтрэн гарах үйлдэл хийж байгаа нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна" гэж ТЦГ-ынхан мэдээллээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404