А АМИНДЭМИЙН ДУТАЛ ҮҮСЭХ ШАЛТГААН
2019/03/19

Хүүхдийн бие дэх А аминдэмийн нөөц багассаны улмаас үүсэх эмгэгийг А аминдэмийн дутал гэнэ.

А аминдэмийн дутал 5 хүртэлх насны хүүхдэд голчлон тохиолддог. Монголд далд хэлбэрээр А аминдэмийн дутал байна гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл хүнд биш, илрэх шинж тэмдэг нь бүдэг байдаг боловч хүүхэд халдварт өртөх эрсдэл их, биеийн өвчин эсэргүүцэх чадвар муу, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт өндөр байна. Иймээс А аминдэмийн бэлдмэлийг нэмж өгөх шаардлагатай байдаг.

А аминдэм нь хүүхдийн биед өөрөө бий болж нийлэгжүүлдэггүй тул хүнс, хоолоор авч байх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүн дэх А аминдэм нь /ретинол/ амьтны гаралтай өөх тосонд агуулагддаг. Шар, улаан шар, ногоон хүнсний ногоо, жимсэнд агуулагдах каротины төрөл буюу А аминдэмийн урьдал нь хүүхдийн биед А аминдэм болон хувирдаг учраас ашигтай хүнсэнд тооцно. А аминдэм /ретинол/ нь элэг, түүхий сүү, цөцгийн тос, өндөгний шар зэрэгт их хэмжээгээр агуулагддаг ба каротин нь бууцай, чихэрлэг төмс, шар хулуу, лууван зэрэгт их хэмжээтэй байна.

А АМИНДЭМИЙН ДУТАЛ ҮҮСЭХ ШАЛТГААН

  • А аминдэм агуулсан хоол хүнсийг хангалтгүй хэрэглэх
  • Хоол боловсруулах замын эмгэг үрэвслийн улмаас А аминдэмийн шимэгдэлт буурах

Хүүхэд уураг илчлэгийн дуталтай бол А аминдэмийг зөөвөрлөх, хадгалах чадвар буурдаг ба өндөр халуурсны улмаас болон халдварт өвчнүүдийн үед А аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг.

А АМИНДЭМ ДУТЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Бие махбодод А аминдэм бага хэмжээгээр дутахад арьс цайж хуурайших, хогжруутах, батга гарах, өвдөг тохой арзгар ширүүн болох, үс хугарамтгай болж өнгөө алдах, хуурайших, хумс салаатах, хугарах, ам хатах, хуурайших, уруул хагарах зэрэг эд, эсийн тэжээлийн дутлын шинж тэмдгүүд илэрдэг. Бие махбодод А аминдэм ихээр дутахад харуй бүрийд юм харж чадахгүй болох /шөнийн харалган/, нүдний салст бүрхүүл дээр мөнгөлөг цагаан өнгийн толбо үүсэх, нүдний эвэрлэг, салст бүрхэвч хуурайших шинжүүд илрэх бөгөөд, дутал даамжирвал эвэрлэг бүрхэвч шархлах, цоорох, нүдний уг сорвижих, хараагүй болох аюултай.

А АМИНДЭМИЙН ДУТЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • А аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг мэддэг байх, ийм бүтээгдэхүүнийг 7 хоногийн хоолны цэсэнд гурваас дээш удаа оруулах
  • 5 ба 11 дугаар саруудад өрхийн эмнэлгээр дамжуулан жилд 2 удаа А аминдэм өгөх ажилд 5 хүртэлх насны хүүхдийг заавал хамруулах. Цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг А аминдэм уусан эсэхэд хяналт тавих.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг А аминдэмээр баяжуулан хэрэглэх.

А АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС

100гр хүнсний идэх хэсэгт байх А аминдэм, бета каротин

 

Эх сурвалж: Маамуу.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404