Нидерландын "экс цагдаа" террорист халдлага үйлджээ
2019/03/19

Утрехтийн трамвайд зорчигчид руу зэвсэгт этгээд халдаж, гурван хүнийг буудан хөнөөж, таван хүнийг шархдуулжээ. Нидерландад халдлагын дараа цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн хайж, 37 настай, турк гаралтай Гокмен Танис гэгчийг даваа гаригийн шөнө халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Нидерландын эрх баригчдын мэдээлснээр, гэмт этгээдийн халдлага террорист шинжтэй байжээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Роб ван Брее сэтгүүлчдэд гэмт этгээдийг баривчилсан талаар мэдээлсэн байна. Гэхдээ яг хаанаас сэжигтэн Гокмен Танисыг баривчилсан нь тодорхойгүй байгаа аж. Энэ хэрэг орон нутгийн цагаар даваа гаригийн 10.45 цагт Октябрь талбай дахь трамвайд гарчээ. Хэргийн газарт яаралтай тусламжийн албаныхан ажиллаж, хотын трамвайн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте маш их санаа зовниж буйгаа илэрхийлээд, Утрехтэд болсон халдлага сэтгэл түгшээлээ хэмээн хэлсэн байна. Тус улсын эрх баригчид сургууль, сүм хийд, Засгийн газрын барилга байгууламж, тээврийн боомтуудын аюулгүй байдлыг чангатгажээ.

Утрехтийн хууль сахиулах байгууллагууд халдлага үйлдсэн сэжигтний зургийг албан ёсны твиттер хуудастаа нийтэлсэн байна. Сэжигтэн мэдүүлэхдээ өмнө нь Нидерландын цагдаа байсан гэжээ.

Орон нутгийн бизнесмен “Би-би-си” агентлагт Танисыг Чеченьд байлдаж явсан хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр "Танис Исламын улс бүлэглэлтэй холбоотой хэргээр баривчлагдсан ч хожим суллагдсан" хэмээжээ. Цагдаагийнхан сэжигтэн халдлагыг ганцаараа үйлдсэн, эсвэл хамтрагчид бий эсэхийг шалгаж буй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404