“Эрсдэлгүй хороо” аяныг эхлүүллээ
2019/03/19

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, гамшиг осол, гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор  “Эрсдэлгүй хороо” аяныг  өрнүүлж байна.

Тус аян нь нийслэлийн 380 жилийн ойг угтаж, Засаг даргын Тамгын газраас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл  үргэлжлэх юм.

Аяны хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр нийт хороодын зохион байгуулсан ажлыг удирдамжид заасан  доорх 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлсэн байдал,
2. Хорооны нутаг дэвсгэрт эрсдэлтэй бүсэд амьдардаг өрхийн нарийвчилсан судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн гаргаж, эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхийн тоог бууруулах арга хэмжээ авах,
3. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хорооны иргэдийн оролцоог хангасан байдал
4. Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулсан гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, нэгдсэн арга хэмжээ.
5. Гамшгаас хамгаалах иргэний сургалтыг зохион байгуулсан байдал, иргэдийн оролцоо.
6. Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, төрийн бус, Олон Улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан байдал.
7. Орчны болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ.
8. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдал,
9. Хорооны нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, гал түймрийн дуудлагын өсөлт, бууралт,
10. Гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амьдрах орчины аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан мэдээг сар, улирал бүр гаргаж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байдал зэргийг харгалзан үзнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404