Этиоп, Индонезийн онгоцны ослын шалтгаан ижил байжээ
2019/03/18

Этиоп болон Индонезийн онгоцны осол ижил шалтгаанаар осолдсон болохыг тогтоожээ. Энэ тухай Этиопийн зам тээврийн сайд өчигдөр мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр эцсийн хариу 30 хоногийн дотор гарах ёстой бөгөөд урьдчилсан байдлаар таван сар гаруйн өмнө Индонезид осолдсон “Boeing 737 Max 8” хөлөг болон өнгөрсөн ням гаригт Этиопт осолдож 157 хүний аминд хүрсэн “Boeing 737 Max 8” хөлгүүд ижил төстэй шалтгаанаар осолдсон нь тодорхой байгаа гэнэ.

АНУ болон Этиопийн хамтарсан мөрдлөгийн баг хар хайрцагны урьдчилсан дүгнэлтийг баталгаажуулсан бөгөөд хар хайрцагны мэдээллийг сэргээхэд  Францын Засгийн газар туслалцаа үзүүлжээ.

Хар хайрцагны мэдээлэл болон хиймэл дагуулаас авсан хоёр онгоцны нислэгийн траектороос харахад хоёулаа хөөрөөд удалгүй огцом хурд авч, өндөрт гарсан байгаа юм. Үүний дараа Этиопын онгоцны нисгэгч буцах зөвшөөрөл хүсээд холбоо тасарсан. “The Boeing” компани энэхүү загварын MCAS (maneuvering characteristics augmentation system) автомат систем суулгасан байна. Энэ систем нь өмнөх загваруудад байдаггүй, зөвхөн “Boeing 737 Max 8” хөлөгт зориулан шинээр суулгасан аж. Ийм шинэ систем суулгаснаа Индонезид онгоц нь осолдож 189 хүний амийг авч одсоныхоо дараа л албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байгаа юм. MCAS нь ерөнхийдөө онгоцны автоматаар маневр хийх систем буюу онгоц огцом хэт өндөрт гарвал үүнийг онгоцны хамар дээрх мэдрэгчээрээ мэдэрч нисгэгчийн удирдлагагүйгээр автоматаар онгоцны хамрыг аажим аажмаар буулгаж хэвийн түвшинд аваачих систем юм байна. Мөрдөн шалгах багийнхан уг системд ямар нэгэн алдаа гарсан гэж сэжиглэж байгаа ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404