Г.Занданшатар: С.Зоригийн хэрэгт парламентын холбоо хамтарч ажиллах санал тавьсан
2019/03/18

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарүг хэлсэн тэрээр

"Өнөөдөр Монгол Улсад дэлгэр сайхан хаврын улирал ирж байна. Тогтолцоогоо өөрчлөөд 28 жил болж байгаа ч улстөрчид эв нэгдэлгүй байснаас улс орны  хөгжил уруудан доройтож байна. Монгол хүний төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Тиймээс парламентат ёсыг хөгжүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсынхаа төлөө хариуцлагыг дээшлүүлж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах нь улстөрчдийн тэргүүлэх зорилго юм. 

УИХ-ын нэр хүнд муу байгааг хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Их хурлын болон дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой заалтыг хэрэгжүүлж ажиллах нь энэ удаагийн чуулганы нэг зорилго болно. Парламентын хуралдааны дэгийн асуудлаар УИХ-ын Тамгын газар иж бүрэн судалгаа шинжилгээний ажлыг хийж дуусгалаа.

Монгол орны өнөөгийн  байдлыг харьцуулсан хэлэлцүүлгийг судалж, парламентын шинэчлэл, реформыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гэж дүгнэсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас ахлуулсан ажлын хэсэг бусад улс орны парламентын жишгийг судалж хуулийн төсөл боловсруулж байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч, хуралдаж, төслөө эцэслэн боловсруулж байна. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталж, түүхэн өөрчлөлт хийнэ гэж итгэж байна.

Парламентын шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Төрд хууль хэрэгжиж байх ёстой. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн томоохон хэргүүдийг шалгаж, ажил хэрэг болгоно гэдгээ намрын чуулганы төгсгөлд хэлсэн. Энэ асуудлаар ажлын хэсэг байгууллаа. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийтийн төдийгүй хохирогчийн ар гэрийнхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбоо хүртэл хамтарч ажиллах санал тавилаа. Үүнийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна.  Өнгөрсөн онд Хуульзүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ноос гаргасан шийдвэрийг судалж, энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын түр хороо байгуулах асуудлыг баталж, Олон улсын ассамблейн хурлаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа амжилттай  хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404