ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ЭРГЭЛТЭД ОРУУЛСНААР ТӨСӨВТ 1.1 ТЭРБУМ ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАР ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2018/06/24

УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байна.Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ. Засгийн газраас уг тогтоолын төслийг шуурхай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд МАН-ын бүлэг Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж байгаа аж. УИХ-ын Хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй хэмээн тус бүлэг үзжээ. Өмнөговь аймгийн байгалийн тэнцвэрт байдлыг хангах, усны асуудлыг шийдвэрлэх энэ чиглэлд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, тус ордоос гарч буй нүүрсийг угаах чиглэлд дотоодын нөөц боломжийг ашиглах хэрэгтэй гэсэн саналыг бүлгийн гишүүд гаргасан байна.

“Түүхий нүүрсийг 65-70 ам.доллар, угаасан нүүрсийг 120-130 ам.доллараар экспортод гаргаж байгаа. Хэрэв “Энержи Ресурс” компанийн угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал жилд улсын төсөвт 600 тэрбум төгрөгийн татварын орлого олох боломж байна. Энэхүү тогтоолыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хаврын чуулган хаахаас өмнө батална” гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ.

Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татах үйл явцын талаар сэтгүүлчдийн асуултад
“Ойролцоогоор нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангана. Энэ хугацаанд компанийн бүртгэл тооцоог нэгтгэх, гадаад, дотоодын зөвлөхүүдээс зөвлөгөө авах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр эдийн засагт экспортын орлого нэмэгдэж, жилд төсөвт 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрлүүлэх, 5800 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа” гэсэн хариултыг Уул уурхайн сайд өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404