М.Энхболд: Н.Энхбаяр ХХБ-наас хувь өгнө гэж яриагүй
2019/03/12

УИХ-ын гишүүн М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан, гүтгэлэгтээ залруулга хийхийг шаарджээ. Өөрийн цахим хуудсандаа бичсэн тэрээр мэдэгдэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна. Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Үндэслэлгүйгээр худал гүтгэж, хүний нэр хүндэд халдах нь хэвийн үзэгдэл мэт болж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх нь Н.Энхбаяр даргын үүрэгт ажил мэт харагдах боллоо. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм.

2017 оны тавдугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404