Хотыг тойрсон 21 шарилын газрыг ойжуулна
2019/03/12

Оршуулгын газар, талийгаачийг нутаглуулах зан үйлийг дагаж цэцэглэсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад шалгалт хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн шалгалтаар есөн компани зөвшөөрөлгүй оршуулгын үйлчилгээ эрхэлдэг нь тогтоогджээ.

Тодруулбал, талийгаачийг нутаглуулах газрыг үнэтэй зарж, үүнийгээ багц үйлчилгээ хэмээн нэрлэж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг  “Сувд буян” ХХК, “Их дүнчүүр буян” ХХК-иудын үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн оршуулгын компаниуд талийгаачийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, архивын нэгж үүсгэх, нийслэл дүүрэгт тогтмол өгч байх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, бодитой тогтоох, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу иргэдэд үнэ төлбөргүйгээр хөнгөлөлттэй үйлчилдэг байх, энэ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, оршуулгын үйлчилгээг зөвхөн зөвшөөрөгдсөн оршуулгын газар үзүүлэх зэрэг дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ. Түүнчлэн Далан давхар, Маахуур толгой, Алтан өлгий зэрэг оршуулгын газарт энэ жилээс хайлаас мод тарих, ойжуулах асуудлыг хэлэлцэж хотыг тойрсон 21 байршилд талийгаачдыг оршуулах үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад үйл ажиллагаандаа ойжуулах, мод тарих бодлогыг нэвтрүүлэх чиглэл өгсөн байна.

Дашрамд дурдахад, Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийг НИТХ-д өргөн барихад бэлэн болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404