Л.Оюун-эрдэнэ: Цагдаа ажлаа хийж байна, харин шүүх прокурор дээр хэргийг гацаадаг
2019/03/07

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан талаар өчигдөр танилцуулсан. Тэгвэл дээрх асуудлын хүрээнд тэд Орхон аймгийг зорьж, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудтай очиж уулзсан бөгөөд Онцгой дэглэмийн хүрээнд үйлдвэрийн санхүүтэй холбоотой материалуудыг татаж, шаардлагатай шалгалтуудыг хийж эхэлжээ.

"Удирдах зарим албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Шударга бус зүйлийг шийдэх асуудал хаана очоод гацдаг болох нь одоо тодорхой болж байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй яагаад удсан бэ гэдэг нь одоо тодорхой харагдаж байгаа байх. "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудал сонгуулийн өмнөхөн өрнөж эхэлсэн. Сонгуулийн дараанаас Ц.Нямдорж сайд ярьж эхэлсэн. Би ЗГХЭГ-ын дарга болоод энэ асуудал хаана гацсан, ямар хэмжээнд байгааг олон нийтэд ойлгуулахыг хичээж ажилласан. Төрийн цагдаа ажлаа хийж байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал болоод Хөгжлийн банкны бондын хэрэг, Төрийн банкнаас зээл авсан "Шинжиан Шинфа"-тай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, баримт материалыг бүрдүүлсэн байдаг юм байна. Харамсалтай нь, эрүү үүсгэн хэргийг шалгах гэхээр Нийслэлийн прокурорын байгууллага байнга хаалт тавьж, байнга өмгөөлж явсан" хэмээн ЗГХЭГ-ын дарга хэллээ. Түүний хэлснээр   "Шинжиан Шинфа"-ийн хэргийг нийслэлийн прокурор уржигдар татаж авсан байна.

Тиймээс дээрх хэрэг замхрах асуудал руу орж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ дарга онцолж шүүх прокурор дээр хэрэг гацаадаг асуудлыг жишээгээр дурдав.

"Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт гацсан байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал гацсан шалтгааны нэг нь, Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан газар дээр Төв аймгийн сумын Засаг дарга газар олголт хийж, шүүх түүнийх нь талд шийдсэн байгаа явдал. Үүнийг Засгийн газар Японы талд тайлбарлаж чадаагүй гэсэн. Японы Засгийн газар үүнийг ойлгоход тун хэцүү. Үүнээс болоод бүтээн байгуулалт гацсан. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлууд авлигажсан шүүхийн байгууллага дээр очоод гацаж байна. Хууль шүүхийн байгууллага шударга ёсны эсрэг ажиллаж байна. Бид энэ МАНАН-г таслан зогсоох ёстой. Сөрөг хүчин болох ёстой АН сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн асуудалтай холбогдсон. Намын дарга нь мөн нэр холбогдсон. Ийм учраас сөрөг хүчний ажлаа хийхгүй байна гэж бид үзэж байна" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан  "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, эзэмшигч Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, хорьсон ч шүүхээс батлан даалтад гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн тэрээр "Ховд хотоос бидэнтэй холбогдсон. Ц.Пүрэвтүвшин гэж манай Ховдод 10 жилийн сургууль төгссөн хүү бий. Хот ороод гэнэт баяжсан гэх сураг байна. Ах, дүү нар нь холбогдож, манай дүүд тийм их мөнгө байхгүй. Ц.Пүрэвтүвшинд 400 сая доллар байтугай, 4 сая төгрөг ч байхгүй. Дүүг минь битгий хэлмэгдүүлээрэй" гэж ярьж байна. Луйварчид залуучуудыг гар хөлөө болгож байна” гэж ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404