УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав
2019/03/06

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.06/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. 

 Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг гэлээ. Тэрээр, хэдийгээр манай улсын эдийн засаг сэргэж байгаа хэдий ч бидний өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол юм. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тул энэ жил агаарын бохирдол дор хаяж 50 хувиар буурна гэсэн тооцоо байгаа. Манай хоёр орны улстөрийн харилцаанд сэтгэл хангалуун байгаа хэдий ч бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй гэж үздэг. Бид Турк Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Хоёр талын өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлснээр хоёр талын харилцааг өргөжүүлнэ. Монгол Улс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-тай 1994 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжээд байна. Энэ бүхэнд ноён Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэлээ.  Элчин сайд Ахмет Язал Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт энэ жил нэмэгдсэн үзүүлэлт гарсныг тэмдэглээд хоёр тал хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй зохион байгуулагдана. Тэрбээр үргэлжлүүлэн, хоёр талаас иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эрхэмлэн, агаарын харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэ хүрээнд хоёр орны хооронд агаарын тээврийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, агаарын харилцаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа дахин илэрхийлье гэлээ. 

Уулзалтын үеэр талууд ирэх зургадугаар сард тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар дурдаж, энэхүү арга хэмжээ болоод түүхэн үйл явдлыг тохиолдуулан Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг Монгол Улсад айлчлахыг урилаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404