Ерөнхий сайд У.Хүрэлсүх Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2019/03/05

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаан тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Франц Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчинтэйг нотлов.

Монголын бараа бүтээгдэхүүнийг Францын зах зээлд сурталчлан таниулах, Европын Холбооны “GSP+” хөнгөлөлтийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг хүсэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд эдийн засаг өсч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Талууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, онцгой байдал, хиймэл дагуул, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404