С.Мөнхчулуун: У.Хүрэлсүх С.Амарсайханыг дэмжсэн гэж би хараагүй
2019/03/04

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа "У.Хүрэлсүх өөрийг нь дэмждэг хүнээ Хотын даргад дэмжсэн гэхээс илүүтэй анхнаасаа тохирсон тохироо явагдсан. У.Хүрэлсүх С.Амарсайханыг дэмжсэн гэж би хараагүй. С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар “Хотыг авна” гэж тохирсныхоо дагуу л ажилласан. С.Амарсайханы ах нь Ардчилсан намынх, худ нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Уул, уурхайн олон компанитай, Туул голын эрэг дагуу барилга барьдаг. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Хотын даргаар зүтгүүлсэн нь ашиг сонирхол нэгтэй гэсэн үг" гэжээ.

Түүний ярьснаар 45 төлөөлөгчтэй НИТХ-ыг удирдаж, зангидаж, гольдрилд нь оруулж чадаагүй бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид долоо хоногт нэг удаа хуралддаг байсан ч хурлыг хуулийн хүрээнд явуулдаггүй, компани удирдаж буй мэтээр ажилладаг байсан гэнэ.

Мөн "С.Амарсайхан ажил, албан тушаалд хүрэхийн тулд юу ч хамаагүй ярьдаг. Нэгэн удаа “НИТХ-ын төлөөлөгчид арав, хориороо авлига аваад АТГ-т шалгагдаж байна” гэж ярьсан. Ингэж ярьсных нь дараа төлөөлөгчид энэ талаар шаардлага хүргүүлж асуухад “Би тэгж хэлээгүй” гэсэн. Бодлого сөрж НИТХ-ын даргад нэр дэвшихдээ “Намын бодлого цөөн хүний бодол байж болохгүй. Өмчлөөд авсан барилга, өргөөд авсан хүүхэд биш” гэсэн утга бүхий зүйл ярьсан. Гэтэл өнөөдөр хэлснээсээ эсрэг үйлдэл гаргаж байна. Ярьсанаасаа эсрэг ажилладаг хүнийг Хотыг сайн удирдана гэж итгэхгүй байна. Хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нар хоёулаа НИТХ-д хоёр удаа сонгогдсон төлөөлөгч. Гэвч энэ хоёр хүн төрийн захиргааны ажил хийж байгаагүй, төрийн ажлын хангалттай туршлагагүй хүмүүс. Иймд иргэдийнхээ дуу хоолойг хүргэж, ажилд нь ташуур өгч ажиллана гэж бодож байгаа" хэмээн ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404