Момо гэх аюултэй челленжээс болгоомжил
2019/03/01

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд рүү чиглэсэн "Момо" гэх аюултай "челленж" цахим орчинд цацагдаж буй талаарх мэдээллүүд ихээр гарч байна.  Аймшигтай дүр бүхий хүүхэлдэй нь  “Youtube”-ээр хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны дундуур гарч ирж, нүд хальтрам муухай зургуудыг үзүүлж, мөн аюултай "челленж" хийхийг уриалдаг байна.

Тодруулбал, Момо хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн кино, бичлэг дундуур гарч ирж, тэдэнд судсаа зүс, аав ээжийгээ унтаж байхад плитка асаа, төмөр сэрээ разетка руу хий гэх мэтээр амиа хорлох аргын талаар ухуулан ярьдаг болсныг сэрэмжлүүлж байна. Мөн бусдыг хэрхэн хорлох талаар хүүхдүүдэд ярьж, хэлснийг нь биелүүлэхгүй бол очиж авна, өөрийнх нь ярьсан зүйлийн талаар хүнд хэлбэл ээж аав, ах дүүг чинь хөнөөнө гэж сүрдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улсын цагдаагийн байгууллага иргэддээ анхааруулга өгчээ. Хакердсан хүмүүсийнх нь ашигладаг дугаар ашиглалтад байхгүй байсан аж. Хакерууд хүүхдүүдийг айлгаж, заримд нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн баримт ч байна. Тухайлбал, Момогоос болж Украинд сурагч охин амиа хорлохыг завдаж, нэг хүүхэд тагтнаасаа үсэрсэн, Аргентинд 12 настай охин амиа хорлосон гэсэн албан бус мэдээлэл гарсан. Мөн Филиппинд бага насны хүүхэд эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан тохиолдлыг Момотой бичлэгээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж. Одоогоор Youtube үүнтэй тэмцэж байгаа бөгөөд өдөрт 400 аккаунт хааж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ аюул Монгол хүүхдүүд ч ойрхон байгаа талаар цахим орчинд эцэг эхчүүд үзэл бодлоо илэрхийлээд байна. Тухайлбал, МОМО-гоос сэрэмжлүүлсэн залуугийн постны доор олон ээж, "хүүхэддээ үзүүллээ манай хүүхэд мэдэж байна. Тоглодог тоглоом болон үздэг киноныхон дундуур гэнэт гарч ирдэг гэж байна" хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Азаар бага насны хүүхдүүдийн дийлэнх нь англи хэл мэддэггүйн давуу тал гарч байгаа болтой, өөрийгөө хохироосон тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404