Нурангид дарагдсан 4 хүний цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна
2019/03/01

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн,  КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд 2 иргэнийг эсэнд мэнд гаргасан байна.  

Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

“Аврагчид компанийн удирдлага ажилчидтай хамтран нурангид өртөөд нас барсан дөрвөн хүнийг яаралтай гаргаж авах ажлыг хийж байна. Уурхайн ажилчдын ярьж байгаагаар хоёр хүн техниктэйгээ шороонд дарагдсан. Нөгөө хоёр хүн нь нурангаас зугтааж байгаад дарагдсан тухай хэлж байна” гэж ОБГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлсэн тэрээр "Газар хөдлөлттэй уялдуулж ойлгож болохгүй. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтооно. Одоо бол дөрвөн хүний цогцсыг яаралтай гаргаж авах хэрэгтэй байна” гэсэн юм.

МХЕГ-аас осол болсон “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404