Талийгаачийг өрсөж устгав уу
2019/02/27

Талийгаач шүүгчийн хэрэгтэй холбоотой элдэв таамгууд, эх сурвалжтай гэх олон мэдээллүүд тасрахгүй гарсаар. Гарч байгаа мэдээллүүд, сошиал дахь постууд, таамгуудаас харахад талийгаачийн үхэл гадны нөлөөтэй гэж үзэгсэд дийлэнх байгаа юм. 

Үнэхээр ч тэгж хардах үндэстэй юм. Хэрэг болсон процесс, хэргийн талаар албан тайлбарууд үнэнийг хэлэхэд тун сэжигтэй. 

Хэрэг гарсан өдрийн нөхцөлийг үзэхэд, нас барахаас нэг цагийн өмнө түүнийг гадуур байцаасан гэх мэдээлэл бий. Гадуур байцаахдаа нийт гурван цаг байцаасан аж. Түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаагаар хорихоор авч ирсэн учраас зөвхөн АТГ-ын Мөрдөгч нар онцгой тохиолдолд гадуур байцаах эрхтэй байдаг юм байна. Талийгаачийг хэн авч гарч, ямар байдлаар байцаасан талаар мэдээлэл авах гэсэн боловч холбогдох байгууллагынхан нууцалж байна. Мөн талийгаач нас барсан өдөр урьдчилсан хорих 461-р ангийн дарга нь согтуу байсан гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн өгч буй.

Харин өөрийгөө боомилсон гэдэг мэдээллийн эсрэг байгаа гэдгээ өчигдөр түүний хүү С.Төмөрбат хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр "Миний ээж яавч амиа хорлох хүн биш, маш чанга хатуу хүн байсан. Олон жил олон үйл явдалд сэтгэлийн хатаар туулж ирсэн. Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Сүүлийн үед зарим улс төрчид Монгол улсын шүүх болон шүүгчийн өөрийн тоглоом болгон ашиглаж байгааг би хэлж байна. Миний ээж өөрийнхөө хороох ямар ч шалтгаан байхгүй гэсэн юм.

Мөн талийгаачийн бэр "Хорих анги руу манай дүү орж гарч ирээд “Ээж 21:40 цагт өнгөрсөн байна. 15:00 цагт үзлэгт хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна. Хорих ангийнхан бүтэн хоёр цаг нууцалж байгаад 12:00 цагдаад дуудлага өгсөн байна гэж уйлсаар гарч ирсэн” гэжээ.

Талийгаачийн ар гэрийнхний яриагаар бол шүүгч эмэгтэй амиа хорлох хэмжээний сэтгэлзүйтэй хүн биш аж. Тэр тусмаа шүүгч хүний хувьд хатуу чанга хүмүүжсэн байх учиртай.  нөгөө талаар хатуу чанга хяналттай хорих ангид амиа хорлох үзэгдэл байх нөхцөлгүй. Харуулуудаас гадна давхар бүрт камер хянадаг ажилтнуудтай. Тэгээд ч хөхний даруулгаар өөрийгөө  боомилох боломж байхгүй юм. Түүнчлэн гадуур байцааснаас ганцхан цагийн дараа нас барсан, хорихын дарга нь согтуу байсан зэрэг нь үнэхээр хар төрмөөр. 

Тиймээс эл хэргийг гадны нөлөөтэй гэж үзэцгээж байна. 

ХЗДХ ийн сайдын хэлж байгаагаар энэ хэргийн учиг томоохон ноцтой хурц асуудал руу эргэж байгаа учраас түүнийг  өрсөж огцруулах захиалгат ажил хийгдэж байгаа гэсэн. Үнэхээр энэ хэргийн ард томоохон авлига хахуулийн хэрэг нуугдаж байна. Тиймээс талийгчийг  өрсөж  устгасан болов уу гэж хардах нөхцөл байгаа юм.  АТГ аас байцаалт авсан, хорих руу шилжүүлсэн, хорихын даргыг архиар дайлж согтоосон зэргээс үзэхэд талийгаачийг хэрэгтнүүдийн торонд өөрөөр хэлбэл үхэл рүү зориуд түлхэж өгсөн гэлтэй. Юутай ч Ц.Нямдорж сайдын хэргийн талаар мэдээлэхийг хүлээх болж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404