Гавьяат хуульчийн үхлийн цаана юу нуугдана вэ
2019/02/25

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан.  Талийгаач нь өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байгаа ч гадны нөлөөтэй байх магадлал ихтэй гэж сэжиглэх хүмүүс олон байна.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа юуны учир амиа хорлов?

Салхитын ордны мөнгөний хэрэгт АТГ-аас 5 хүнийг цагдан хорьсны дунд талийгчаас өөр шүүгч ч байгаа гэнэ. Албаны эх сурвалж талийгаачийг "амиа хорлоогүй" гэж мэдээлсэн сурагтай. Тэгэхээр гадны нөлөөгүй мэт харагдуулж, амиа хорлосон болгож "дэглэсэн" байх нь. Юутай ч талийгаач гадны нөлөөгүй амиа алдсан уу, эсвэл гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг шүүхийн шинжилгээгээр тодорхой болно.

Харин өнөөдөр АТГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийсэн тэрээр  "Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан" гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээллээ.

Харин ШШГЕГ-аас "Хорих ангийн дотоод журамд харуул хамгаалалт дээр техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. Цагдан хорих 461 дүгээр анги дээр тухайн үед ээлжийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш буюу өчигдрөөс хойш албаны дотоод хяналт шалгалт хийгдэж байна" гэж мэдээлсэн юм. 

Талийгаач амиа хорлосон ч бай, гадны нөлөөтэй өнгөрсөн ч бай дээрх хэрэг гарах үед хорих ангийн харуулууд юу хийж хэрхэн ажиллаж байсан бэ гэдэг нь өөрөө асуудал юм. Хяналтын болон давхарын ажилтнууд ажлын байран дээрээ байсан уу гүй юу гэдгийг цагдаагийн байгууллага шалгах явцдаа тогтоох ёстой. 

Тус хорих ангийн өрөө бүр камертай. Тиймээс Энэ хэргийн үнэн мөнийг камерын бичлэгээр тогтоох биз

 







Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404