Түүхэнд байгаагүй зоригтой шийдвэрүүдэд алга ташъя
2018/06/23

Их хотын олон асуудалд санаа тавин шат дараатай олон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэсээр байгаа хотын удирдлагуудад талархах хүн олон. Өнөөгийн хотын дарга маань олон түмэнтэйгээ ойр байж, асууж зөвлөж, бодит байдлыг өөрөө очиж үзэн, ойлгож мэдэрч байж сая шийдвэр гаргаж ажил эхлүүлдэг хүн ажээ. Хотын хоёр сая иргэний ажил амьдралыг үүрч яваа хүний хувьд, хагас цэргийн зохион байгуулалттай шахуу нийслэлийн ажилд хариуцлагатай хандахаас яахав.
Хуримтлагдсан их өрийг шийдэж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай хүнд цаг үед тэр хотыг хүлээж авсан. Тэрээр сүүлийн жаран жилд байгаагүй их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дахин төлөвлөлийн ажлыг гацаанаас гаргах, цэцэрлэг сургууль эмнэлгүүдийн хүрэлцээг шийдэх, гэр хорооллын дэд төвүүд байгуулах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд нийгмийн хүлээлт, хөгжлийн хурдцыг хангах үй түмэн ажлын дунд ёстой л мэдлэг хүч, хашир туршлага, арга бяр заан амжуулж яваа.
С.Батболд төрийн албанд 30 жил, улстөрд 20 жил зүтгэхдээ муу асуудалд огт холбогдсонгүй. Хар бор амьдралын сургууль дамжиж, ард иргэдийнхээ ахуй амьдрал, тулгарах хүндрэлийг сайн ойлгодог түүний мөн чанар, Үндсэн хуулийн болон улстөрийн шинэчлэл, нутгийн удирдлага, засаг захиргааны чиглэлийн асуудлаар мэргэшсэн туршлага чадвар, ачааны хүнд асуудлын голтой “ноцолддог” хичээл зүтгэл нь тийнхүү намынхаа итгэлийг хүлээж, их хотын ажилд илгээлт авч очсон хэрэг.
Тэр ажил авснаасаа хойш хэтийг харсан, суурь тулгуур чанартай бодлогын асуудлыг түлхүү авч хэрэгжүүлсэн. Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон, цэцэрлэг сургууль, эмнэлгийн ойр орчмын газрын лицензүүдийг цуцалсан, захуудыг нүүлгэсэн, малыг зөвшөөрөгдсөн бүс рүү шилжүүлсэн, ТҮЦ-ийн замбараагүй байршлыг цэгцэлсэн гээд өмнөх дарга нарын хийж зориглоогүй олон ажлыг тэр зоримог шийдсэн. Анх удаа нийслэлийн төсвийг иргэдтэйгээ хамт хэлэлцдэг болсон, төрийн үйлчилгээг цахимжуулсан, концессын өрийг дарсан, авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гээд их хотын цаашдын хөгжил, хувь заяаг шийдэх томоохон үйл хэргүүд, эрхзүйн шийдлүүд түүнийх. Хийж бүтээх зүтгэл сэтгэл хийгээд туршлага чадвар байвал богино хугацаанд ихийг амжуулж болдгийг тэр харуулсан.
Хожоо харан сонголт хийдэг, нам сольж тонгочдог, цагийн тохироо бүрдсэн үед л намын батлахаа ашиглан, улстөрд улаан хивсэн дээгүүр алхаж орж ирсэн хүмүүс бишгүй л бий. Харин тэр хар залуугаасаа нам төрийн ажилд оролцож, намын МАСЗХ-ны удирдагчдын нэг байсан тэрээр намын удирдлагууд анхаарч үгийг нь сонсдог цөөн залуусын нэг байлаа. Тэр парламентад ч үргэлж хэрэгтэй хүн байсан. Нийгмийн харилцааг зохицуулах гол чухал хуулиудыг боловсруулах үүргийг түүнд л үүрүүлж, Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Засаг захиргааны шинэтгэлийн асуудалд түүний амыг харах нь цөөнгүй. Парламент түүнийг хөнгөхөн биш том том булуу ястай ноцолдуулж, улстөржиж гацаанд орсон асуудлуудад түүний төвч байр суурь, голчтой үгийг сонсдог байлаа. Ингээд харахад хотын дарга маань төрийн бодлого нь цэгцэрч, үзэл санаа нь үнэ цэнэтэй цөөхөн туршлагатай улстөрчдийн нэг юм.
Гэлээ гээд тэр цээжээ дэлдэж байсангүй. Одоо ч мөн адил, түүхэнд байгаагүй зоригтой шийдвэр, бүтээн байгуулалтууд түүний нэртэй хамт түүхэнд бичигдэж байгаа ч өөрийгөө дөвийлгөлгүй төрийн хүний ёс зүй мөн чанараар асуудалд хандаж, нулимсан нэгнийг хүлцэж, магтсан нэгнээс урам авч “их ойлголцлоор хотоо гоё болгох”-оор зүтгэж явна. Түүний хэрхэн ажилласнаас их хотын хувь заяа болоод итгэл үзүүлсэн намынх нь сэвтсэн нэр сэргэх учиртай.
Аливаа зүйл хоёр талтайн тогтлоор заримдаа түүнийг шүүмжлэл дагах хэдий ч цаг хугацаа бүхнийг хэлдэг болохоор түүний нөр их ажлын үр дүн хичээл зүтгэлийг ойлгон мэдэж, маргаашийн түүх үнэлэх биз ээ. Харин өнөөдөр түүхэнд байгаагүй зоригтой шийдвэрүүд, их бүтээн байгуулалтад алга ташихаас аргагүй.
Х.Сугар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404