Л.Жумдаан: Ярианы хэл, бичгийн хэл хоёрыг ойртуулах хэрэгтэй байна
2019/02/20
Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Л.Жумдаантай ярилцлаа.
-Монгол хэлний зөв бичих дүрэмтэй холбоотой маргаан олон жил үргэлжиллээ. Өнгөрөгч хавар “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэж гарсан. Манай эрдэмтэд энэ тольтой 100 хувь санал нэгдэж байгаа юу?
-Маргалдаж, мэтгэлцэж байж л зөв шийдэлд хүрдэг нь жам ёсны үзэгдэл. Зарим хувь хүн, хувийн байгууллага өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас, нөгөө талаас хувийн явцуу эрх ашгийн үүднээс өөр санал бодолтой байхыг үгүйсгэхгүй. Харин олон нийт маш их сэтгэл хангалуун хүлээж авсан. Бидэнд ийм толь хэрэгтэй байсан, цаг үеэ олсон сайхан ажил болж, нийтээр дагаж мөрдөх тольтой боллоо хэмээн журамласан толийг нийслэл болон хөдөө орон нутагт үнэгүй түгээхэд багш нар хэлж байсан. Энэ толийг 2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний хууль”-д заасны дагуу БСШУС-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2 жил гаруй ажилласны үр дүнд журамласан толь бэлэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 тогтоолоор баталгаажуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанд даалгасан. Ажлын хэсгийнхэн Монгол Улсад хэвлэсэн, түгээмэл хэрэглэж байгаа бүхий л толь бичгийг шүүж, 80 мянга орчим үгийн сан бүрдүүлсэн. Ингээд эдгээр үгсийн давтамжийг гаргаж, хуучирсан болон хэрэглээ багатай үгсийг хассаар 38 мянга орчим үгтэй толь хийсэн. Өмнөх хэсэгт толийг ашиглах заавар, товчилсон үг, тэмдгийн тайлбарыг оруулж, толгой үгсээ кирилл бичгийн цагаан толгойн дарааллаар байрлуулж, зөв бичих код, үгийн давтамж, үгийн аймаг болон товч тайлбарыг хадаж, үг хувилгах жишээ, нийслэл, аймаг, сум, дүүргийн нэр, дипломат харилцаатай 200-гаад улс, нийслэлийн нэрийн бичлэгийг журамлан хавсаргасан. Өмнө нь бидний хэрэглэж байсан зөв бичих дүрэмд ямар нэгэн өөрчлөлт, засвар хийлгүйгээр тэр хэвээр нь оруулсан. Цаасаар ном болгон хэвлэснээс гадна цахимаар ашиглах өргөн бололцоотой, бүхий л төрлийн ухаалаг гар утас, компьютер, нөөтбүүк зэрэгтээ үнэгүй татаж аваад, сүлжээгүй газар ч ашиглах боломжтой. Хэрэглэгчдийнхээ саналыг хүлээн авч, хариу мэдээлэл өгөхөөс гадна, цаашид ажлын хэсэг хэлэлцээд, засч сайжруулж байхаар хийсэн. Харь гүрний бичгийг өөрийн хэл аялгуундаа хүчээр авч хэрэглэсэн тул аман яриа болон бичгийн хэл хоёрын хооронд зөрчил үүсэх нь дамжиггүй, цаашдаа үргэлжилнэ. Энэ зөрчлийг журамласан толиор шийдэх боломжтой. Монгол толь бичгийн уламжлалаа хадгалж, олон улсын жишигт ойртуулсан нь энэхүү толь бичгийн нэг онцлог, бас давуу тал нь болж байна. Өнөө маргаан дагуулаад байсан 700 үгийг хүчингүй болгосон.
-Зургаан мянга орчим гадаад үг цуглуулж, мянга орчим үгийг толь бичигт журамлаж оруулсан гэж байна. Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуай гадаад үгийг монголчлох талаар олон санаа гаргаж байсан. Ингэж гадаад үгийг монгол хэлэндээ шууд авч хэрэглэх нь хэр зохимжтой юм бол. Монгол үгсийг шахаж, цөөрүүлэх эрсдэл бий юу?
-Бүх үгийг монголчилно гэвэл бас худлаа. Олон улсын шинжтэй үгс гэж байдаг. Жишээ нь, коллеж, брокер, менежер гэх мэт үгсийг бид орчуулах шаардлагагүй. Харин ч эдгээр үгс монгол хэлэнд ороод, хэлзүйн дүрмээр хувилаад явна гэдэг бол оновчгүй орчуулгаас илүү байдаг. Тэгээд ч үг бүрийг орчуулах хандлага нь эргээд зөрчил үүсгэх тал бий. Гэхдээ эх хэлний үг байсаар байхад, эсвэл орчуулах боломжтой үгийг гадаад үгээр нь яриа болон бичигт хэрэглэхийг л аль болох цэгцлэх хэрэгтэй байна. Энэ тольд Монголын нийгмийн бүхий л хүрээнд хэрэглэж буй 6000 орчим гадаад үгийн сан бүрдүүлээд, түүн дотроосоо хамгийн идэвхтэй хэрэглэж байгаа 1000 гаруй гадаад үгийн бичлэг болон хэлзүйн хувиллыг журамласан.
-Цахим орчинд хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэхдээ гол төлөв ярианы хэлээр алдаатай бичих тохиолдол их байна. Мөн дунд сургуулийн зарим сурагчид нэлээд алдаатай бичих нь анзаарагдах юм. Энэ юунаас шалтгаалж байгаа бол?
-Алдаатай бичиж байгаа нь ном уншихгүй байгаатай л холбоотой. Ном уншдаг хүн алдаатай бичих нь ховор. Хоёрт, зөв бичих эсэх нь хүнийг 100 хувь сайн эсвэл муу гэж үнэлэхэд 10 хувийн л үүрэгтэй гэж боддог. Нэг үг буруу бичлээ гээд тэр хүнийг муу хүн гэж харах гээд байна л даа. Тэгэхээр энэ бол асуудал биш. Хэлбэр төдий л зүйл юм. Үнэхээр хүн уншаад, мэдээд, боловсрол нь дээшлээд ирэх юм бол аяндаа алдаагүй бичнэ. Өнөөдөр хүмүүсийн сэтгэлгээ, ёс зүй, боловсролын түвшин ямар байгаа билээ. Тэгэхээр хэн нэгэн албан тушаалтан, эсвэл аль нэг байгууллагаас ямар нэг зарлиг, тушаал, захирамж, тогтоол гаргаж, түүнийгээ дагаж мөрдүүлээд бүгд алдаагүй бичдэг болчихгүй байх. Нийгэм, нийт олныхоо соёлын түвшин, боловсролыг дээшлүүлэх олон талт ажлыг тасралтгүй, үр өгөөжтэй зохион байгуулж хэвших нь чухал. Нөгөө талаас бид 1946 оноос хойш бараг 70 гаруй жил энэ үсгийг гээх үү, гээхгүй юу, энэ үгийг яаж бичих вэ гэдэгт, өөрөөр хэлбэл, зөвхөн хэлбэр төдий зүйлд анхаарал хандуулсаар ирсэн. Гэтэл энэ хооронд хэлний үндсэн чадварууд бүгд хаягдсан байна. Найруулан бичих чадвар, өөрийгөө илэрхийлэх ярих чадвар, сонсох чадвар, унших чадваруудыг орхичхож. Сүүлийн үед зөв бичих дүрэм мэддэггүй ч хүн байхгүй, мэддэг ч хүн байхгүй боллоо шүү дээ. Монгол хэлний сургалт гэхээр зөв бичих дүрэм гэж ойлгох хандлага түгээмэл болсон. Тийм учраас эрх бүхий байгууллагаас нь албан ёсоор баталгаажуулаад өгсөн энэ толийг дагаж мөрдөнө, баримтална. Одоо бид толь бичиг хэрэглэх, ашиглах соёлд суралцах хэрэгтэй. Ширээн дээр нь толь бичиг байсаар байтал, утсаар энэ үгийг яаж бичих вэ? гэж асуудаг. Нөгөө хүн нь ингээд биччих, би ер нь ингэж бичье гэж бодож байгаа гэж хэлдэг. Эндээс л алдаатай бичих эхлэл тавигддаг. Толио ашигласан бол ийм мэт алдаа гарахгүй байх байсан. Одоо хүнээс битгий асуу, зөв бичих дүрмийн талаар дахиж ярих хэрэггүй, албан ёсны журамласан толио л барь.
-Нээрэн, англи хэл сурч байгаа хүмүүс TOEFL шалгалт өгөхдөө унших, сонсох, бичих, ярих чадвараар шалгалт өгдөг шүү дээ. Тэгэхээр бид одоо яах ёстой вэ?
-Хөгжилтэй, боловсрол өндөр хөгжсөн улс орнуудын дунд сургуулийн эх хэлний сургалтад унших, сонсох, бичих, ярих чадваруудыг л чухалчилдаг юм байна лээ. 2007, 2008 онд Англид хоёр удаа богино хугацаагаар төслийн ажлаар явахдаа Англи хэлний үндэсний стандарт, хөтөлбөрийг зориуд профессоруудаас нь гуйж аваад, Монгол хэл бичгийн хөтөлбөрийн багт өгч байсан, ерөөсөө дөрвөн чадвар юм байна лээ. Анги ахих тусам чадварууд нь гүнзгийрсээр, дунд сургууль төгсөхдөө чадваруудаа бүрэн эзэмшээд төгсч байх жишээтэй. Манай сурах бичгүүд шиг хэлшинжлэлийн олон нэр томьёо, үг хэллэг ерөөсөө байхгүй. Ер нь бодоход, физикч, математикч, мундаг тамирчин болох хүнд хэлшинжлэлийн ийм олон нэр томьёо, үг хэллэг хэрэг байна уу, үгүй юү. Өнөөдөр бид эх хэлнийхээ үзэж судлах агуулгын түвшинг тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Сургуулийн өмнөх болон бага боловсрол, суурь боловсрол, бүрэн дунд боловсрол, цаашилбал, бакалавр, магистрантур, докторантурт ямар агуулга үзэх вэ? гэдэг нь тодорхой биш учраас 8-9-р ангид бакалаврт үзмээр, ахлах ангид магистрантурт үзэх агуулга орсон байх нь цөөнгүй. Нөгөө талаас агуулгын давхардал ч их.
Манай нэртэй эрдэмтэд, судлаачдын судалгаа, бүтээлүүд мэргэжлийн судалгааны хүрээнд асар их үнэ цэнэтэй, үүнтэй хэн ч маргахгүй. Эрдэмтэд, судлаачид маань ЕБС-ийн сурах бичгийн зохиогчийн багт ордог тул судалгааны шинжилгээнийхээ онолын нарийн ширийн ойлголт, ухагдахууныг сурах бичигт оруулах хандлага байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл ЕБС-ийн сургалтад, тодруулбал, олон нийтийн боловсролд дээрх судалгааны бүтээлүүд ач холбогдолтой багатай ч байж мэднэ.
-Сүүлийн хэдэн жил дунд сургуулийн монгол хэлний хичээлийн агуулгад дөрвөн чадвар гэж яригдаж эхэлж байна. Энэ талаар?
-Чадварт суурилсан гэж ярьж байгаа ч өөрчилж чадаагүй л байна. Нэг л жишээ хэлэхэд, шинээр элсэж байгаа оюутнууд дотуур байранд орох, чөлөө авах, зээлд хамрагдах гэх мэтээр олон өргөдөл бичдэг. Тэдний өргөдлийг уншиж, судалж үзэхэд маш цөөн хувь нь шаардлага хангасан өргөдөл бичсэн байгаа юм. Энэ юуг харуулж байна гэхээр, сурагчид дунд сургуульд олон цагийн хичээл заалгаж, их юм бичиж байгаа мөртлөө төгсөхдөө бичих, найруулах чадваргүй байна гэсэн үг шүү дээ. Энэ бол том баримт. За тэгээд, хүний өөдөөс хараад өөрийгөө илэрхийлж ярих чадвар сул байна. Илтгэл, лекц сонсоод гол юмаа авч чаддаггүй, ялгаж чадахгүй оюутан ч байна.
-Анзаараад байхад, ярианы хэл, бичгийн хэл хоёр их ялгаатай болж байх шиг санагддаг?
-Их ойрхон байх ёстой. Хоёр өөр юм биш шүү дээ.
-Хоёр өөр юм яваад байгаа шүү дээ?
-Ярианы хэл, бичгийн хэл хоёр ойр байх нь олон давуу талтай. Манай нөхцөлд өвөрмөц онцлогтой. Харийн бичиг аваад өөрийн үндэсний бичгээсээ их холдчихсон. Хүчээр тулгаад авчихсан кирилл бичиг, аман ярианы хэл хоёр хоорондоо зөрчилдөөд, үүнийг аль болохоор ойртуулах гээд дүрэм зохиох, журамлах гээд ажил их байна. Нөгөө талаас олон зуун жил хэрэглэж, ярианы хэлтэйгээ яв цав тохирч байсан, үндэсний бичгээ өөр бичгээр сольсноос болоод аман ярианы хэл, үндэсний бичгийн хэл хоёр хоорондоо хөндийрсөн. Энэ байдал эх хэлээ сурч эзэмших, зааж сургахад бэрхшээл учруулж байна. Монгол хэлний сургалт муу байгаа нь монгол хэлний багш нараас болсон гэдэг. Энэ бас өрөөсгөл хандлага. Бүх мэргэжлийн багш нар шинжлэх ухааны хэлийг заах нь чухал. Математикийн шинжлэх ухааны хэл гэж бий. Түүнийг математикийн багш заах учиртай. Гэтэл математикийн багш надад монгол хэл болон найруулан бичих нь ямар ч хамаагүй гэж боддог. Өгүүлбэртэй бодлогыг математикийн хэлээр, найруулгаар ойлгуулаад тайлбарлаад өгөх хэрэгтэй. Яг үүнтэй адил физикийн, химийн шинжлэх ухааны хэл гэж бий. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Монгол хэл мөхлөө гээд зарим хүмүүс нойргүй хоноод байх шиг байна. Зарим нэг нь “Би монгол хэлний төлөө төрсөн хүн” гээд цээжээ дэлдэх болж. Ерөөсөө хэлийг хэрэглэж байгаа нийт массынх нь боловсрол, соёлын түвшин, унших, сэтгэх чадвар дээшлээд ирэхээр шахаж шаардуулахгүйгээр хэлний хэрэглээ соёл дээшилдэг. Миний бодлоор монгол хэлний дархлааг сайжруулах хамгийн гол аргуудын нэг бол ярианы хэл, үндэсний бичгийн хэл хоёроо их ойртуулах хэрэгтэй. Ойртох тусам хэлний дархлаа сайжирна. Зөв сэтгэж эхэлнэ шүү дээ. Хүмүүсийн сэтгэлгээ асар их өөрчлөгдөж, гадаад нэр томьёог их хэрэглэх болсон байна.
-Уншъя гэхээр номын дэлгүүрт үг үсгийн алдаатай ном их байна?
-Ерөөсөө л энэ толиор шийдэх ёстой. Хэсэг хугацааны дараа харьцангуй жигдрээд ирэх болов уу гэж бодож байгаа.
-Кирилл бичгээ ингээд шийдчихдэг юм байж. Гэтэл бид чинь 2025 оноос эхлээд хос бичигтэн болох зорилт тавьчхаад байгаа. Энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-Монгол хэлний хуулинд 2025 оны нэг сарын нэгнээс хос бичигтэн болно гэж заасан. Үүний тулд үндэсний бичгийн дунд, урт хугацааны хоёр хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжүүлсний үр дүнгээс хос бичигт шилжих явц хамаарна. Улс төр тогтворгүй, салбарын сайд богино хугацаанд олон дахин өөрчлөгдөж байгаа зэргээс хамаарч хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа 3 жилээр хойшиллоо. Бид үндэсний бичгийн дунд, урт хугацааны хоёр хөтөлбөрөө боловсруулсан. Одоо хэлэлцэн батлахыг хүлээж байна. Яам, засгийн газар хэлэлцээд баталчих юм бол хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжтой болно. Монгол бичгийн зөв бичгийн журамласан толь хийх тухай хуулинд заасны дагуу комиссоо байгуулж, ойрын хугацаанд хийх байх. Монгол бичиг дүрмийн хувьд цөөхөн, тогтвортой. Маш цэгцтэй. Олон зуун жилийн турш ярианы хэл, бичгийн хэл тохироод явж байсан. Хэдхэн зарчим мэдэж байхад алдаагүй бичих бололцоотой. Харин зөрөөтэй бичиж буй цөөн үгсийн бичлэгийг журамлах шаардлагатай. Саяны гарсан журамласан толь өмнө гарсан бүх толь бичгүүдээс үгийн сангаа бүрдүүлсэн арвин сантай тул нийтээр мөрдөж буй энэ толийн сан дээр суурилаад, бусад толь бичгүүдээс байхгүй үгийг авах замаар хийх нь зөв байх.
-Өвөрмонголчууд биднийг бодвол үсэг бичгийн тал дээр харьцангуй дэвшилттэй байх шүү?
-Тийм. Тасралтгүй авч явсан учраас давуу тал бий. Гэхдээ л Өвөрмонголд гарсан толь бичгүүдэд бичлэгийн зөрөөтэй үгс цөөнгүй бий. Хамгийн сүүлд гаргасан монгол бичгийн зөв бичих дүрмийн толь олон нийт хүлээж авахгүй ихэд маргаан дагуулж байгаа тул дахин шинэчилж байгаа юм байна.
-Монгол бичгийг дунд сургуульд хэддүгээр ангиас орж байгаа вэ?
-Монгол хэлний хуульд 6 дугаар ангиас орохоор заасан. Сургалтын төлөвлөгөөнд VI-IX ангид долоо хоногт 2 цаг, Х-ХII ангид долоо хоногт 1 цагаар, тусад нь хичээл болгож оруулахаар тусгасан. Хуучин сургалтын төлөвлөгөөнд монгол хэл, монгол бичгийн хичээлийг багц цагаар оруулдаг байсан тул монгол хэлний дүрмээ заагаад монгол бичгийн хичээлээ анхаардаггүй сул тал байсан байж магадгүй. Одоо гурвууланг нь тусдаа хичээл болгоод цагийг нь заагаад өгчихсөн. Гэхдээ л бас монгол бичиг орохгүй байна гэсэн гомдол гараад л байгаа.
-Монгол бичгийг монгол хэлний бүх багш зааж байгаа юу?
-Нэг багш монгол хэл, монгол бичиг, уранзохиол гурвууланг нь зааж байгаа. Бидний гаргаж байгаа санал бол монгол хэл, монгол бичиг, уранзохиолын хичээлийг нэг нэг багшаар дагнаж заалгавал илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.
 
Ярилцсан Б.Наранчимэг 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404