Н.Алтанхуягийн төлөөс
2019/02/18

 /Хар хүчний бүлэглэл"ийн үргэлжлэл/

Н.Алтанхуягийн төлөөс

С.Баяр Ц.Элбэгдоржийн хүсэлтийг гүйцэлдүүлж амжсангүй. Тэрээр өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас огцорлоо. Үнэндээ түүний бие муудсан биш харин 7 сарын 1-ний үймээний хэрэг задрахаас айсандаа ийнхүү яаран сандран ажлаа өгөөд алга болсон. Ингэхдээ  Сү.Батболдод ажлаа шилжүүлж, Тавантолгойн асуудлыг  түүнд даалгажээ. Сү.Батболд харин түүний захиасыг үг дуугүй биелүүлэхийг хүссэнгүй. Тавантолгойн гэрээний асуудлаар ажлын хэсэг гаргаж Н.Алтанхуягийг ахлагчаар томилжээ. Н.Алтанхуяг ч  Тавантолгойг “MCS”-т өгөх  Ц.Элбэгдоржийн хүсэлд тун хойрго хандав. Учир нь “MCS” тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуягт “Ардчиллын ордон” барьж өгөх амлалтаа биелүүлээгүй байжээ.  Бас тэр Ерөнхий сайд болсныхоо дараа С.Баярын  “бөгсийг ухаж”  Оюутолгойн гэрээнд шалгалт оруулж, 130 сая ам.долларын зөрчил илрүүлэв.  Чухам үүнээс болж  “Дан болон давхар дээл”-ний асуудал гарч,  Н.Алтанхуягийн ЗГ огцроход хүрэв. Шинэ Засгийн газрын  Тэргүүнээр “Ц.Элбэгдоржийн хүн”  Ч.Сайханбилэг томилогдож, тэр үеэс эхлэн Ц.Элбэгдорж  “Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй, Засгийн газрын дангаараа шийдэх асуудал” хэмээн хэлж шахах боллоо. 

Лондонгийн тохиролцоо

2010 онд Ц.Элбэгдоржийн гадаад айлчлалд Шадар сайд М.Энхболд багтжээ. Энэ үеэр тэд  улс төрийн болон бизнесийн нууц тохироо хийсэн байна.

Нэгдүгээрт, 2013 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялуулах, ингэхдээ М.Энхболд МАН-аас сул нэр дэвшигч хаяж өгч, намынхаа эсрэг ажиллах, хариуд нь 2017 онд АН  М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихээр тохирчээ.

Хоёрдугаарт, Тавантолгойг авах санаагаа  Ц.Элбэгдорж  тулгаж чадсан байна.  М.Энхболд хэлсэн тохирсноороо өөрийн намаас  нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн эсрэг ажиллаж унагав.  Хэрэв Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр сонгогдвол 2 дахиа улирч, 8 жил Ерөнхийлөгчийн суудалд сууж мэдэх учраас Ц.Элбэгдоржийг дэмжих нь түүнд мэдээж ашигтай байлаа. Харин “Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” компанийг байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх тухай”  УИХ-ын 39-р тогтоол Ц.Элбэгдоржийн санааг гүйцэлдүүлэхэд чөдөр цоож болоод байсан учраас бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнө яаран дараагийн нүүдэлд шилжив.

Энэ бол Эрдэнэт үйлдвэр байлаа.

Ц.Элбэгдорж “Эрдэнэтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй” гэж шахаж эхэлсэн бөгөөд  гэнэт нэг өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк хувьчилж авсан тухай мэдээлэв. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын 56 сая нь Улаанбаатар хотын банкнаас, 354 сая нь Худалдаа хөгжлийн банкнаас зохиомол хэлбэрээр гарсан байдаг. Ийнхүү Засгийн газартай хуйвалдаж, /Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлсэн гэх хардлага бий/  уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпорацийн ард Ц.Элбэгдорж байлаа.

2016 он, МАН олонх болов. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийг төрд шилжүүлэн авах ажлыг яаравчлан хийлээ. Энэ шийдвэрийн нэг талд хууль хяналтын байгууллагууд нь Эрдэнэт үйлдвэрийг хувийн мэдэлд байлгах сонирхолтой байгаад бухимдсан  “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид харин нөгөө талд нь “УИХ-ын энэ шийдвэр МУ-ын эрх ашигт нийцэхгүй байна” хэмээн бухимдсан Ц.Элбэгдорж нар зогсож байлаа.

УИХ-ын энэ шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй гацсан хэвээр л байна.  Яагаад гэвэл, М.Энхболд Ц.Элбэгдоржтой хийсэн тохироогоо мартаагүй. Түүний “Би Эрдэнэтийн 49 хувийг төрд буцааж авах шийдвэр гаргалаа”  хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийгөө сурталчилж байсан нь ердөө “жүжиг” байв. УИХ-ын олонхийн шийдвэрийг “би шийдсэн” хэмээн уулзалт бүртээ тийнхүү ярьж явсан нь сонгогчдын итгэл биш инээд болов. /Үргэлжлэл бий/

"Хоёр Э-гийн хувьцааны наймаа"  сэдвээр үргэлжилнэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404