Эбэ минь, олон нийтийн жигшил зэвүүцлийг мэдэр л дээ
2019/02/14

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан тэрээр Х.Баттулга гэдэг нэрийг нийт 79 удаа дурдсаныг сошиалчид тоолоод мэдээлчихжээ. 

"Би Х.Баттулгатай өрөөндөө уулзахдаа “Чи хулгай битгий хий. Битгий хулгай зохион байгуулаад бай. Ажлаа хий. Хятадын сайдтай төмөр зам байгуулна гэж гэрээ байгуулсан. Наадахаа боль” гэж хэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр над дээр гүйж орж ирж байсан. “Танай энэ Х.Баттулга чинь нарийн төмөр зам тавина гээд Хятадын сайдтай гэрээ байгуулсан байна. Үүнийг зогсоохгүй бол аюул боллоо” гэсэн. Тэгээд сайд нь Бээжинд буухад  тэнд байгаа манай Элчин сайд “Энэ гэрээг зогсоосон шүү” гэж хэлсэн. Ийм этгээдүүд сошиалыг худалдаж аваад хэдэн мянгаар хүн ажиллуулж, Элбэгдорж хулгайч гэж бичүүлж байна. 

Х.Баттулга одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа. Би тэгж үнэрлэж байна. 

Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог.  Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол. 

Х.Баттулга Монголын Ерөнхийлөгч байгаа нь зөв. Ямар хүн Ерөнхийлөгч байх ёстой, ямар хүн байх ёсгүйг хамгийн сайн ойлгуулж чадах хүн Х.Баттулга. Хэн Ерөнхийлөгч байж болохгүй вэ гэдгийг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгаа дахиад нэг сонгочих" гэж ярив.

Түүний хэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэр найз байсан нь үнэн. Тэд нэгэн үе Сү.Батболдоос Тавантолгойн лицензийг нь булааж авах гэж гудамжинд Иргэний хөдөлгөөнийхнийг жагсаан шүгэлдүүлж түүнийг рекэтэлж байх үедээ дотно нөхөрлөсөн бол төмөр замын асуудлаас эхтэй маргаан тэднийг дайснууд болгосон. 

Гэвч өнөөдөр тэдний хэн нь ард түмэнд жин илүүрхэж байгаа нь тодорхой. Анхны поп улстөрчийн жишээ, анхны төрийн өмчийн луйврыг эхлүүлэгч Ц.Элбэгдоржийг монголын шүүхээр яллан хэргийг нь хүлээлгэхийг ард түмэн хүсэх болж. Өнөөдрийн илчлэгдсэн муу муухай хуйвалдаан бүрийн ард түүний нэр байх болж. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр хэрэг нь илрээд ирэхээр байдгаараа тэмцэж амь тавьж байгаатай адил харагдах түүний үйлдлүүд улам жигшил зэвүүцлийг төрүүлэх ажээ. 

Харамсалтай нь тэр олон нийт түүнийг хэрхэн жигшин зэвүүцэж байгаа огт мэдрэхгүй байгаа юм билээ. Цаг цагаараа байдаггүй. Цахиагийн хүүг шударгаар шүүх цагийг бид удахгүй харах нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404