М. Горбачев: Дэлхий дахинд зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөн эхлүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой
2019/02/14

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс татгалзах нь бүх орны аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, эмх замбараагүй байдал үүсгэхийн зэрэгцээ дэлхийн улс төрийн бодлогыг урьдчилан таамаглах аргагүй байдалд хүргэнэ гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев үзэж байна. 

“Энэ удаагийн хор хөнөөлтэй эргэлтийн үр дагавар нь огт өөр байх болно. Дэлхийн стратегийн байдал тогтворгүй болж, зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөнийг эхлүүлж, эмх замбараагүй байдал үүсгэн, дэлхийн улс төрийн бодлогыг урьдчилан таамаглах аргагүй байдалд хүргэнэ. Энэ бүхнээс дэлхийн улс орнуудын, тэр дундаа АНУ-ын аюулгүй байдал хохирол амсана” гэж Горбачев бичжээ

Үүнээс гадна, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан АНУ-ын Конгрессын гишүүдэд хандаж, цөмийн зэвсгийн асуудлаар Орос улстай хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. “Америкчуудад, ялангуяа Конгресс дахь Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдэд хандаж би үг хэлмээр байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд үүсэн бий болсон АНУ-ын дотоод улс төрийн хурцадмал байдал үнэн хэрэгтээ манай хоёр улсын хооронд бүх сэдвээрх, түүний дотор цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээг тасалдуулахад хүргэсэн. Нам хоорондын зөрчилдөөнийг даван туулж, нухацтай яриа хэлэлцээг эхлүүлэх цаг нь болсон. Орос улс үүнд бэлэн гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр нийтлэлдээ дурджээ. Улстөрчид үүсээд буй нөхцөл байдлыг ухамсарлаж, дэлхий дахинд зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөн эхлүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой гэж Горбачев  тэмдэглэсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404