Энэ жил цас маш бага орсон учраас хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Говийн болон тал хээрийн бүсийн аймгуудад цас бага орсон учраас мал усаар дутагдан хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Цаашид энэ байдлаараа гурван сартай золговол хаврын улиралд салхи, шороон шуургатай байх төлөвтэй байна.
Орон нутгаас авсан мэдээллээр нэг худгаас услах малын тоо ихэссэн. Зарим аймагт бэлчээрт худаг ус байхгүй учраас малын амны усыг зөөж усалж байгаа аж. Цасан бүрхүүл багатай учраас салхи шуургатай үед өвс хийсэх, хөрс сулрах зэрэг үзэгдэл ихэнх аймгуудад тохиолдож байна. Хоёр дахь асуудал, бэлчээрийн даацтай холбоотой асуудал. Сүүлийн жилүүдэд малын тоо өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даац багассан. 100 га бэлчээрт байх малын тоо гурав дахин нэмэгдсэн судалгааны үр дүнгүүд бий. Бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхлэхгүй бол цаашдаа ер нь өвөл, хаврын улиралд байдал улам хүндрэх нь тодорхой болж байна.