НАЙРСАГ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭГЧ “ЭВ МОДНЫ НААДАМ”
2018/06/21

Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад улсын хил дагуу аймгуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Эв модны наадам” баярын арга хэмжээ Хиагт хотноо энэ сарын 11-ний өдөр боллоо. Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын дархан хойд хилийн аймаг гэдгээрээ онцлогтой. Иймээс ч Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагууд ОХУ-ын хил дагуух районуудтай найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, ард иргэдээ амарч зорчих, аялж зугаалах,бараа бүтээгдэхүүнээ солилцож хамтран ажиллах тал дээр байгаа боломжийг ашиглаж ирсэн. Энэ бүх хүчин чармайлт ч үр дүнгээ өгч Сэлэнгэ аймаг Буриад Улстай соёл, боловсрол, биеийн тамир, эрүүл мэнд, үйлчилгээний салбаруудад амжилттай хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ хил дагуух сумд, хотууддаа “Эв модны наадам” арга хэмжээг ээлжлэн зохион байгуулж, найрамдалт харилцаагаа батжин бэхжүүлж явна. Энэ жилийн “Эв модны наадам” Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн түүхэн ойтой давхацсанаараа онцлог боллоо. Түүхт ой, хоёр улсын эв найрамдлын билэг тэмдэг болсон баяр наадмын арга хэмжээнд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич өөрийн биеээр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.Наадмын өдөр Хиагт хотын Лениний гудамжинд гар урлал, хоол хүнс, ахуй соёлыг харуулсан үзэсгэлэн яармаг, Хиагт хотын нутгийн удирдлагын байрны өмнөх талбайд тус хотыг үүсгэн байгуулагч Владиславич-Рагузинскийд зориулсан хүндэтгэлийн хөшөөний нээлт боллоо. Баяр наадам Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич нар хоёр улсын талд хадгалагдаж байдаг “Эв мод”-ыг эвээр нь нийлүүлж суурилуулснаар “Чемпион” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор эхлэсэн юм.

“Эв модны наадам” арга хэмжээ загвар зохион бүтээгчдийн дунд “Торгон угтахан”, охидын дунд “Үзэсгэлэн гоо”, урлагийнханы дунд “Эстрад болон ардын дуу, Үндэсний хөгжим, спортынхоны дунд Буриад бөх, сур харвааны тэмцээнүүдээр явагдаж шилдгүүдээ тодруулав. Сэлэнгэ аймаг энэ удаагийн наадмын урлагийн төрөлд 2 алт, 1 мөнгө, бөхийн барилдаанд 1 алт, 1 мөнгө,1 хүрэл, загвар зохион бүтээгчийн төрөлд С.Ариунаа гран при буюу алтан медаль, “Үзэсгэлэн гоо” тэмцээнд 2,3-р байрын амжилтыг үзүүлж оролцлоо. Дараагийн “Эв модны наадам” Монгол Улсын Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
zochin150.129.140.2
tseverhen tsegtsteio site bna
2018/06/22
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404