С.Амарсайханы үг зуулт уу, шантааж уу
2019/02/07

“Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдөлгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Төрийн албан хаагчдыг хариуцлагагүй, ёс зүйгүй, арчаагүй, ажил хийхгүй байна гээд загнаад байдаг. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчдийн 10 гаруй нь тэрнээс доор, хамгийн муу үлгэр жишээ, хамгийн хариуцлагагүй, хамгийн бэртэгчин, авлигачин бүтэлгүй үйлдэл гаргаж байгаа шүү. Би нэрсийг нь зарлана" гэж хэлж байсан нь саяхан. Тэгвэл С.Амарсайханы хэлсэн дээрх үгтэй холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчид түүнд хугацаатай шаардлага хүргүүлээд байгаа. Тэрээр “НИТХ-ын нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаан дээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан та…Монгол ардын намын бүлгийг 10, 20 төлөөлөгч АТГ-т шалгагдаж байгаа, эрүүгийн хэрэгт холбогдсон… гэж мэдэгдлээ. НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр таны хэлсэн дээрх үг НИТХ-ын төлөөлөгчдийн нэр хүндэд ноцтой халдаж, иргэд сонгогчдын нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж байна гэж үзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хэн нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа талаарх мэдээллийг ирүүлж, тус төлөөлөгчдийн нэрсийг ил тод зарлахыг шаардаж байна” гэсэн бөгөөд шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан бичгээр ирүүлэхийг хүссэн. Харин С.Амарсайхан шаардлагад хариу өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд юутай ч АТГ-т шалгагдаж байгаа гэх төлөөлөгчдийн нэрсийг зарлаагүй байна. 

"Унасан хүн ууртай" гэгчээр Хотын даргад өрсөлдөөд дэмжлэг авч чадаагүй хурлын дарга зарим төлөөлөгчдийг хорхойтой араандаа зууж ийн мэдэгдсэн гэж төлөөлөгчдийн зарим нь тайлбарлаж байсан бол зарим нь Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудал эцэслээгүй, төлөөлөгчдийн санал дэмжлэг чухал байгаа энэ цаг үед С.Амарсайханы эл үг шантааж байсан хэмээн хардаж байгаа юм. 

Тиймээс дээрх хардлага тайлбараас үзэхэд С.Амарсайхан АТГ-т шалгагдаж байгаа гэх төлөөлөгчдийн нэрсийг зарлахгүй л болов уу

 

үг   

 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404