Монголын мэс засалчдаас туршлага судлахаар ОХУ-ын эмч нар зорин иржээ
2019/01/24

Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон  элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа амжилттай хийсэн талаар салбарын сайд Д.Сарангэрэл сошиалд бичсэн бөгөөд Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэс заслын багийнхан нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр 17 цагийн турш ажиллажээ. ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын мэс заслын эмч нар манай мэс засалчдаас туршлага судлахаар ирснийг мөн бахархалтайгаар дуулгасан юм.

Манай мэс засалчид дотооддоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг олон улсын түвшинд хийдэг болсон тул иргэдийг өндөр өртгөөр гаднын оронд эмчлүүлэхээр явах шаардлагагүй болсон гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбат онцолсон юм. Гол нь манай улсад элэгний С, В вирус өндөр тархалттай байдаг учраас иргэд өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө шинжилгээ өгч, вакцинжуулалтад хамрагдан энэ өвчний тархалтыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байна.  

Хавдар судлалын үндэсний төвд жилд 2000-2500 хүн хавдар гэсэн оноштой ирдэг байдаг. Тэдний 80 хувь нь өвчний хожуу үе шат буюу элэгний хатуурал болсон үедээ эмчилгээ авахаар ханддаг ч харамсалтай нь оношлогдсон хүмүүсээс дунджаар 1500 хүн энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Тус төвд энэ сарын 22-25-ны өдөр хүртэл нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр иргэд үнэ төлбөргүй шинжилгээ өгч, зөвлөгөө авах боломжтой аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404