Богд банкны баримт дэлгэгдлээ, харин цуст алуурчныг нотлох баримт хэзээ ил гарах бол...
6 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн тэрээр Богд банктай холбоотой баримт дэлгэв.


Тэрээр “Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг "Богд" банкны талаар худал мэдээлэл тараасан гэж хэллээ.  Тиймээс би үүнд няцаалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувийн компани болох “Богд банк”  нь Хөгжлийн банкны  30.8 тэрбум төгрөгийг харилцах банк  дээрээ байршуулж байна гэдэг мэдээллийг одоогоос сар орчмын өмнө хэлж байсан. Би ч гэсэн үүнээс өмнө буюу тухайн үед найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар “Богд” банкны талаар  ярьж байсан.

Намайг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед Л.Болд гишүүн өөрийн хувийн банкинд 150 сая ам.долларын бонд босгох хүсэлтийг гаргаж Засгийн газраар дэмжээд өгөөч гэж хэд хэдэн удаагийн уулзалт хийж байсан юм.  Гэхдээ түүний энэ хүсэлт биелэгдээгүй учраас надад янз бүрийн зүйл санадаг байж магадгүй. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаан дээр би  энэ талаарх баримтыг дэлгэнэ гэж хэлсний төлөө Л.Болд гишүүн  намайг  цуст алуурчин гэж хэд хэд удаа орилж цуст алуурчин гэдгийг нь нотолно гэж хэлсэн.

Харин би өнөөдөр түүний  “Богд” банкны талаарх  мэдээллийг баримтаар  нотолж байна. 2018 оны долдугаар сарын 26-нд хийсэн гэрээнд зааснаар данс эзэмшигчээс буюу  Хөгжлийн банкнаас Богд банкинд тохиролцсон хугацаанд байршуулж буй найман сая ам.долларыг  2019 оны долдугаар сарын 31 хүртэл  харилцах данс дээрээ  байршуулна гээд гэрээ байгуулжээ. Мөн 2018 оны аравдугаар сарын 24-нд  Хөгжлийн банк, Богд банк нарын хооронд  дахин байгуулсан гэрээнд байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлнэ гэж гэрээ байгуулсан байна. “Богд” банк жижиг банк учраас өнөөдөр хадгаламж авах эрхгүй банк. Тийм учраас энэ их мөнгийг харилцах данс дээрээ байршуулж байгаа юм.  Мөн оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 17-нд дахин гэрээ байгуулсныг баримтаар дэлгэж байна. Монголбанкинд  үнэт цаас  барьцаалах гэрээ  хийсэн байна. Би УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлснийг энэхүү баримтуудаар  нотоллоо. Үүнд Л.Болд гишүүнийг гүтгэсэн, банкны үйл ажиллагаанд халдсан  асуудал огт байхгүй. Би Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн байгаа. Шүүх нотлох байх" гэв.

Ийнхүү 2 гишүүний жижиг тулаан том баримтуудаар үргэлжлэв. Болд гишүүний Богд банктай холбоотой баримт дэлгэгдчихлээ. Харин Ж.Мөнхбат гишүүний цуст алуурчныг нотлох баримт хэзээ ил гарах бол...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404