Э:Бат-Үүл: Прокурор олон хуудас хавтаст хэрэгтэй танилцаагүй шууд шүүхэд шилжүүлсэн
2019/01/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч  өмгөөлөгчид ирээгүй шалтгаанаар ирэх сарын 11 хүртэл хойшлов.

 

Энэ үеэр Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэхдээ,

"Шүүхээр гэм буруутай нь тогтоодохоос өмнө хэнийг ч гэм буруутай гэж тооцохгүй гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан их тодорхой хэлснийг та нар санаж байгаа байх. Гэтэл мөрдөн байцаалтын явцад намайг гэм буруутай гэж харуулах гэсэн “тархи угаасан” үйл ажиллагаа их явсан. Мөрдөн байцаалтын явцад байцаагч н.Оюунболдын зүгээс бидэнд мөрдөн байцаалтын үйл явцыг нийтэд дэлгэхгүй байх, мөрдөн байцаалтын нууцыг чандлан сахих үүрэг, амлалт авахуулж байсан.

Тэгтэл мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл хэвлэлээр, сайтуудаар явлаа. Энэ асуудалд АТГ-ын зүгээс хариу арга хэмжээ аваагүй. Бид "Илтэд хэргийн мөрдөн шалгах явцтай холбогдуулан хэргийг гуйвуулсан зүйл гараад байна. Үүнийг тогтоож өгөөч ээ" гэсэн хүсэлт тавихад ямар ч арга хэмжээ аваагүй. Дээрээс нь хэргийг шүүхэд шилжүүлэх явдал  хууль зөрчиж байна. Олон хуудас хавтаст хэрэгтэй танилцуулалгүй шууд л прокурор нэг өдрийн дотор шүүхэд шилжүүллээ. Би өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргах гээд чадсангүй. Уг хүсэлтэд хэвлэл мэдээлэлд нээлттэй шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг гэм буруутай гэсэн ойлголт төрүүлэхүйц “тархи угаах” үйл ажиллагаа явсан. Би үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, хүсэлтэй байна" гэв

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404