Байнгын хороо Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
2019/01/18

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. 

Байнгын хорооны зарим гишүүд уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлав. Мөн Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар үүссэн нөхцөл байдлыг харгалзаад хуулийн төслийг аль болох шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд гишүүд анхаарч байгаа, иймээс нэг талаас хуулийн зөрчилд орохгүй байх, нөгөө талаас итгэлцэл ойлголцлоо бодолцоод хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан дэгийн хуулийн заалтаа мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тиймээс Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн тул энэ саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404