Элчин сайдын албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзжээ
2019/01/14
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигчдийг эгүүлэн татах тухай Гадаад харилцааны сайдын саналыг хэлэлцэж, дэмжсэн байна.
Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хуралдаанаар Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга, “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа тул томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичиг гаргах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн юм. Харин БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, 2017 оны 12 дугаар сарын 25-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан ч БНСУ-ын талаас албан ёсны хариу ирүүлээгүй байгаагаас өнөөдрийг хүртэл Итгэмжлэх жуух бичгээ гардаагүй байгаа юм. Тиймээс гадаадад амьдарч буй Монгол иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс дээрх нэр дэвшигчдийг эгүүлэн татаж, өөр хүн томилох хэрэгтэй гэсэн саналыг Гадаад харилцааны сайд танилцуулжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404