Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
2019/01/11

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон хот дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтад НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Мягмаржав болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, барилгын компаний захирал, төлөөллүүд оролцсон байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "2016 оны сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд ажлын хэсэг байгуулж, томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр хамтран ажиллаж санхүүжилт хийхээр болсон. Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцлөөр Хөгжлийн банкнаас зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болж байгаа юм. Тус Барилгын компаниуд зээл авахын тулд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан байх ёстой. Улаанбаатар хот газар олголт болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, банкинд баталгаа гаргаж өгөх юм" хэмээн онцолжээ.

Хөгжлийн банкны хувьд зохих шалгуур, шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдэд санхүүжилт олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тус банкин дээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байгаа аж. Эдгээр төслүүд 2021 онд хэрэгжиж дуусна. Ингэснээр нийт 1000 гаруй айл орон сууцтай болох юм. Үүнээс гадна шинэ суурьшлын бүсэд таван төсөл хэрэгжүүлж 7000 гаруй айл орон сууцтай болоод байгаа ажээ.

НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан байна. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгджээ. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орон боломжтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404