Монгол улс хүний хөгжлөөр 92 дугаарт жагсчээ
2019/01/10

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулдаг Хүний хөгжлийн тайланд 0.741 оноогоор 92 дугаарт жагсчээ. Энэ үзүүлэлтээрээ Үндэстнүүдийн холбоонд багтдаг Фижи улстай ижил 92 дугаарт жагсч байгаа юм. Монгол улсын хувьд дундаж наслалт 69.5, суралцах хугацаа 15.5 жил, үндэсний нийт орлого 10.1 мянган ам.доллар гэж тайланд дурджээ. Түүнчлэн үндэсний нийт орлоготой харьцуулсан дүнгээр ядуурлын түвшин 2.1 хувьтай байгаа бол идэвхтэй ажиллах хүч 55.2 хувьтай гарчээ. Иргэдийн аюулгүй байдлаас нь харвал гэмт хэргийн тохиолдол 100 мянган хүн тутамд 5.7 байгаа аж. Харилцаа холбоо буюу интернетэд хамрагдсан хүмүүсийн эзлэх хувь ижил түвшинд жагссан бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр буюу 22.3 хувьтай болжээ. 

Монгол улс 28 жилийн хугацаанд буюу 1990 оноос хойш 2018 оны хооронд хүн амын дундаж наслалт 60.5-69.5 болж есөн насаар нэмэгдсэн бол сургуульд хамрагдах хугацаа 10.2-15.5 болж 5.3 жилээр, үндэсний нийт орлого 4714 ам.доллароос 10.1 мянган ам.доллар болж нэмэгдсэн гэдгийг НҮБ-аас онцолсон юм.

Дэлхий даяар хүний хөгжлөөрөө тэргүүлдэг 59 улс байгаа бол хамгийн бага гэж тооцогдох 38 улс байгаа аж. Хамгийн өндөр болон хамгийн бага хөгжилтэй улсыг харьцуулбал хүн амын дундаж наслалт бараг 10 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний орлого 10-аас дээш мянган ам.доллароор хэмжигдэж буй юм. Хүний хөгжилд анхаарах нь тухайн улс орны эдийн засгийн төвшнөөс шууд хамааралтай учир боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбарт зарцуулах төсөв, бодлого нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тиймээс  өндөр хөгжилтэй орнууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдэд манлайлан оролцож, хүний хөгжлийг сайжруулах, бодлого боловсруулахад манлайлан оролцохыг уриалжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404