УИХ-ын дарга Энхболд М-д дайх үг
2019/01/08

Үүр цайхын өмнө юм юм л болдог доо. Шөнөдөө амжуулах ажлыг шөнөд нь дуусгах гээд бууж амжаагүй шүүдэр газрын хөрсөнд бууж байхад цэцгийн дэлбээнд хоноглож тухтай нойрссон шүүдэр гүн нойрноосоо сэрж ядан, нойроо аргамжин зүүдэлнэ. Айлын хоттой малаас хулгайлах гэсэн хулгайч хархүү эзэд нь унтахыг хүлээгээд, эзэд унтсаны дараа сэргэг ноход нь сиймхий гаргахыг хүлээсээр үүрийн жин одны доор ганц анивчих зуурт нь хоттой хониноос нь шүүрэх ажлаа амжуулах ажил ч бас гарна.

Монголын өнөөгийн төр засгийн байдалд ч бас үүр цайх дөхөж байх бололтой. Олон жилийн өмнө бид 1920-иод оны амьдралыг л үүр цайхын өмнөхөн үе гэж дүрсэлдэг байлаа. Өглөө бүхэн үүр цайдаг байгалийн жамаас гадна улс улс төрийн үүр үе үе цайх юм. 1990-ээд онд үүр цайлаа л гэсэн юмсан. Хэдийдээ ч харанхуй болоод өрхийг бүтээчихээ вэ. Одоо л үүр цайж байх бололтой. Манан буданг үргээн зайлуулж тунгалаг наран мандах гээд байх янзтай. Яг энэ цаг үед Улсын Их Хурлын дарга Энхболд Миеэгомбын хүүг албанаас нь хөнтрөх гэж янз янзын л юм болж байна.

Энэ асуудалд хүмүүс янз бүрээр хандаж байна. Адилхан л нэг саналтай улсын их хурлын гишүүн, зөвхөн хурал эхлэх, дуусахыг мэдээлж алх тогшдог хүн гэж ярьж байх нэгэн байхад Манан бүлэглэлийн сүүлчийн толгойлогч, амь тавин хамгаалагч гэж ярих хоёр гурав ч байх юм. Зөвхөн энэ асуудлаас болж төр засгийн ажил хоёр сар шахам гацаанд орлоо. УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх олон асуудал хойшилж, тэр чинээгээрээ бусдадаа нөлөөлөн хот хөдөө, аймаг сумын ажлууд ч дам дамдаа зогсосхийсэн байдалтай хүлээлтийн горимоор ажиллаж байна. УИХ-ын даргыг одоогийн сууж байгаа албанаас мулт цохих аян шалтаг нь олдож өгөхгүй янз янзын аргаар оролдож байгаа нь түмний нүднээ илхэн.

Ийм нөхцөлд УИХ-ын дарга Энхболд М-д үг дайж хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга санаачилж их хурлын даргыг албанаас нь ховхлох хуулийн төсөл өргөн барилаа. Үүнийг Ерөнхий сайд Хүрэлсүхийн захиалгаар санаачилж өргөн барьсан гэж Гэр хороолол хөгжлийн намын албан бус тэргүүн үзэж байгаа бол ерөнхийлөгчийн зөвлөх Энхболд З.-ыг  санаачилсан гэж үзэх нь ч байна. Юутай ч ийм төсөл өргөн барилаа. Зорилго нь аргаа зөвтгөдөг юм болохоор хуулийн дагуу Их хурлын даргыг огцруулахгүйгээр чөлөөлнө гэсэн санаандаа хүрэхээр шуудран зүтгэжээ. Үргэлжлээд өлсгөлөн суулт юм юм л болох дуулдана. Өлсгөлөнгийн товчооны даргад өлсгөлөн зарлах хүсэлтэй 200 гаруй өргөдөл ирчихсэн сурагтай.

Улсын Их хурлын болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт нэмэлт оруулах тухай хоёр ч төслийг хүлээн авчнаараа УИХ-ын дарга Энхболд та их хурлаараа хэлэлцүүл. Чингээд ийм хууль санаачлах, хэлэлцэх, батлах нь буруу гэдгийг нотлон алхаа тогшчихоод араас нь залгуулаад нөхцөл байдлыг ойлгон УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн өргөдлөө уншин танилцуулахыг хүсч байна. Түүхч Ц.Өлзийбаатар үүний өмнө танд хандаж нэр цэвэр огцрон буухыг уламжилсан билээ. Түүний л адил би ч бас эрхэм дүү таныг өндөр суудлаасаа нэр цэвэр гулсан, зөөлөн газардаасай гэсэндээ үүнийг хэлж байна.

УИХ-ын болон дэгийн тухай хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн төсөл бол зөвхөн нэг хүнд зориулагдсан, угтаа өс хонзонгийн сэдэлтэй, цаашлаад Их хурлыг болон түүний даргыг, улмаар Монголын төрийг хүчгүйдүүлэхэд чиглэсэн шинжтэй муу төсөл болохоор түүнийг батлуулах, дахин өргөн барихыг тас цохиод ширээнээсээ шилжирч чадвал дарга Энхболдын мөнхийн гавьяа болох ч байж мэднэ.

Үүр цайхаас өмнөхөн, өтгөн нойроос сэрэхийнхээ урьдхан, сэрүүн зүүдээ үргээж сэргэлэн ухаанаар нэг тунгааж үзээрэй гэж эрхэм дарга танаас хүснэ. Гүн хямралаас гаргаж чадах хүн нь нэгэнт та биш болсон тул тоглоомоос гарч байх нь л үүрэг болж туналаа биш үү.

 

Сэтгүүлч Я.БААТАР

Сан Франциско

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404