Шадар сайд асан Г.Оюунбаатар нарт холбогдох шүүх хурал хойшлов
2019/01/08

Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн ч шүүх хуралдаан хойшиллоо. Учир нь шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019.01.08-16 ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлууллаа.

Онцолход, өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгчээр Х.Идэр, улсын яллагчаар У.Дэндэвдорж, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Н.Тэрбиш нар оролцож байна. Мөн хохирогч, гэрч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 11 хүн хуралд оролцохоор ирсэн байсан юм.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хугацаанд Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг уг албан тушаалыг хашиж байх үедээ  төсвөөс “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын данс руу шилжүүлж, хохирол учруулсан гэж буруутган, шалгаж байсан юм. Улмаар хэргийг нийслэлийн прокуророос өнгөрсөн оны сүүлээр шүүхэд шилжүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хурлын товыг тогтоогоод байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404