Кубад хувьсгал ялсны 60 жилийн ой тохиож байна
2019/01/08

Мягмар гарагт яг шөнө дунд Гаванагийн боомт руу орох хаалгыг хамгаалдаг Сан-Карлос-де-ла-Кабанья хэмээх эртний цайзын хананаас ёслолын буудлага буудаж, Кубад хувьсгал ялсны 60 жилийн ойн баяр болон шинэ жил эхэлснийг зарлан мэдэгджээ.

Кубын эрх баригчид нийслэл хотод уламжлалт ёслолын буудлага буудуулснаас гадна, тус улсын зүүн өмнөд нутагт оршдог, хоёр дахь том хот Сантьяго-де-Кубад баярын арга хэмжээ зохион байгуулсан байна. 60 жилийн өмнө Фидель Кастрогийн хувьсгал ялсныг зарлан тунхаглаж байсан талбайд яг шөнө дунд төрийн дууллыг эгшиглүүлж,  асар том далбааг мандуулжээ. Энэ арга хэмжээнд хотын мянга мянган иргэн оролцсон байна.

Гол арга хэмжээ хувьсгалын удирдагч Фидель Кастрог нутаглуулсан Санта-Ифигения оршуулгын газар болох бөгөөд түүнд түүний дүү Рауль болон Кубын төрийн тэргүүн Мигель Диас-Канель оролцоно. “Тиймээ, Кубын ард түмэн болоод хувьсгалт Засгийн газрын хамтдаа байгуулсан бүхнийг хамгаалах баярын өдөр. Батистын урт удаан дарангуйллыг 1959 оны нэгдүгээр сард төгсгөл болгож, Куба орны хувьд Эрх чөлөөний арал хэмээх нэр алдрыг авчирсан тэр хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр билээ” гэж Диас-Канель Twitter дэх хуудсандаа бичжээ.

Дарангуйлагч Фульхенсио Батист Кубаас зугтан гарсан тухай мэдээлэл 1959 оны нэгдүгээр сарын 1-нд гарч байжээ. Хувьсгал ялсныг Фидель Кастро Сантьяго-де-Куба хотын захиргааны байрны тагтнаас мэдэгджээ. Шинэ оны эхний өдөр буюу Батистын дарангуйллаас чөлөөлөгдсөний өдөр бол Кубын үндэсний гол баяруудын нэг юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404