2019 оныг "Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгон зарлалаа
2019/01/08

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас энэ оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгон зарлаж байгаа бөгөөд өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус арга хэмжээ нь жилийн турш үргэлжлэх бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцон Монгол Улсын Хэрэглэгчийг хамгаалах тухай хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/51 дүгээр захирамжаар Засаг даргын дэргэд өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллуулж байна. Тус зөвлөл иргэдээс 2017 онд 270, 2018 онд 160 гаруй гомдлыг хүлээн авч 90 гаруй хувийг шийдвэрлэн ажилласан байна. Энэ оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгосонтой холбогдуулан дүүргийн салбар зөвлөл нь 3 бүлэг 16 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404