Хандивыг хуульчилъя
2019/01/07

Хандив цуглуулъя гэсэн санал санаачлага, дэмжигч нарын бодол хүсэл сүүлийн жилүүдэд цахим орчинд ихээхэн түгэх болжээ. Хэн нэгэн өвчтэй хүн, эсвэл өнчин ядуу хүүхдийн зураг тавьчихаад бөөн зовлон тоочно. Тэгээд л нэг хэсэг нь түүнийг өрөвдөж хайрласан сэтгэгдэл бичээд л аль банкинд ямар дансанд мөнгө цуглуулж байгаагаа мэдэгдэнэ. Хэлж ирэхгүй хийсч ирдэг гай зовлонг яалтай ч билээ. Өвчинд шаналах нь, өнчин ядуу байх нь тэдгээр хүмүүсийн буруу биш ч тус дэм болчихсон гэх олны сэтгэлийг яалтай ч билээ. Иймэрхүү гай зовлон хэзээ нэгэн өдөр намайг болон миний ойр дотны хүмүүс, найз нөхдийг минь ч дайрахыг үгүйсгэх аргагүй. Тэнгэр хол, газар хатуу болохын цагт олон түмэндээ хандахаас өөр арга үлдэхгүй байгаа нь сэтгэлийн мухарт найдлага тасраагүй байгаагийн л шинж юм. Ядарч зүдэрсэн хүмүүст тусалдаг, гэр оронтой болгож хоол ундаар цатгадаг, хувцас хунартай болгож хогшил хөрөнгийг нь арвижуулдаг гэж олны дунд нэр түгсэн хоёр эмэгтэй хоорондоо муудалцсан явдал болж байлаа. Тэр үед өнөө сайхан сэтгэлтэй хоёр чинь бие биеийнхээ булайг дуудалцан, хэд хэчнээнийг идэж хаагуур хэрхэн зувчуулснаа сэмхэн дурдалцаад авсан. Өөр нэг сайхан сэтгэлтэн гэгч нөхөр төрийн захиргааны байгууллага дээр оччихсон омогдож бахардаад хэлэх хэлэхгүй үгийг хэлж яваа нь харагдаж л байсан. Ийм хүмүүс цаг үеэ даган төрж гарсаар байна. Хүмүүсийн сайхан сэтгэлийг яалт ч үгүй бахархахаас аргагүй. Зовж зүдэрч байгаа тэр хүнд чадал тэнхээнийхээ хэр хэмжээгээр тэрхүү дансанд мөнгө төгрөг гуйвуулахаас гадна шинэ хуучин янз бүрийн хувцас хунар, эдлэл хэрэглэл өгсөн тухай мэдээлэл түгж байдаг. Миний хувьд ч зарим нэгд нь чадлын хэрээр цөөн хэд гурвыг хандивлаж байлаа гэдгээ энд дурдах шаардлагагүй ч байж мэднэ. Мэдээж бүгдэд нь тусалж чаддаггүй. Ингэж цугласан мөнгө төгрөг зальтай нэгний гараар алга болчихоод байгаа нь одоо нэгэнт тодорхой боллоо. Цугласан хөрөнгө мөнгөнөөс өчүүхэн жаахныг тэр зовсон хүнд хялайлгаж, хамтдаа байгаа зураг авхуулчихаад, боломж гарвал телевизийн зураглаач аваачаад нийтэд мэдээлчихнэ. Яг хэд цуглаад, хэдийг зувчуулаад байгааг хэн ч мэдэхгүй. Төр засгаас данс тооцоогоор гарч байгаа мөнгө хөрөнгөнөөс зувчуулчихдаг улс иймэрхүү баримжаагүй юмнаас хэрхэн яаж хусч байгааг мэдэх аргагүй. Тиймээс одоо хандивын хууль хэрэгтэй байна. Хандивыг хэн цуглуулах вэ, тэр хүн хаана ямар бүртгэлтэй байж, данс тооцоогоор гүйлгээ хийх вэ. Бэлэн мөнгөний бус хандивыг хэрхэн тооцох вэ. Эдгээр мөнгөн гүйлгээний татварыг улсад хэрхэн хурааж авах вэ. Татварын тооцооноос гадуур бэлэн мөнгө гараас гар дамжин гүйж байгааг л хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Хандив хураах хүн ямар болзол шалгуурыг биелүүлж, ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлан тогтоохгүй бол дуртай нь л хандив цуглуулъя гээд зарлаад байх боллоо. Хамгийн гол нь татварыг улсад авах юм. Эл асуудлыг хуульчлан тогтоох нь Энхболд Миеэгомбын хүүг огцруулж чөлөөлөхөөс хамаагүй амархан асуудал байж мэдэх ч олон хүний сайхан сэтгэлийг гатчин зүгээр мөнгө цөлмөж суудаг хүмүүст тооцоо бодох, журамлах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх гээд хүмүүнлэг олон чухал асуудлаараа харин ч илүү том байж мэдэх юм шүү.

Я.БААТАР 

Сан Франциско

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404