1072 хувьцааны дансаа сая гаруй иргэн нээлгээд байна
2019/01/03

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон.

Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Зарим иргэн сургалтын төлбөр, эх орны хувь хишиг хэлбэрээр  хувьцаагаа авсан байдаг. Харин хувьцаагаа аваагүй иргэд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах өөрийн эзэмшлийн болгох ёстой. Өөрөөр хэлбэл, таны нээлгэсэн үнэт цаасны дансанд “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа байршиж, улмаар Засгийн газраас шийдвэр гарч арилжаа эхлэх үед та хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болох юм. Харин хувьцааны данс нээлгээгүй иргэд Засгийн газрын шийдвэр гарсан ч тухайн хувьцааг захиран зарцуулах эрхгүй болох юм.

Одоогоор Монгол Улсын иргэдийн гуравны нэг нь буюу нэг сая гаруй нь үнэт цаасны данс нээлгэжээ. Гэхдээ данс нээлгэх эцсийн хугацааг заагаагүй байгаа юм. Гэтэл гадуур зарим брокер диллерийн компани, хувь хүмүүс хувьцааны данс нээлгэх хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ гэх зэргээр худал цуурхал тарааж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

Хэрэв иргэн та үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл 5000 төгрөг, иргэний үнэмлэх, аль нэг банк дахь өөрийн дансны дугаартайгаар өөрт ойр байгаа брокер диллерийн компанид хандах боломжтой ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404