Цэргийн бүртгэлээс зайлсхийвэл торгуулна
2019/01/03

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан  Хангарьд ордонд боллоо. Харин дүүрэг, хороодод энэ сарын 4-ний өдрөөс 21-ний өдрүүдэд  зохион байгуулах юм.

ЗАЛУУС МЭС ЗАСАЛ, ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ӨВЧНӨӨР ТЭНЦДЭГГҮЙ

Зохион байгуулагчдын зүгээс цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажилласан гэдгээ онцолж байлаа. Үүний хүрээнд 2018 оны эхний улирлаас эхлэн нийслэлийн хэмжээнд цэрэг татлагаар орж, эрүүл мэндээр чөлөөлөгдөж буй залуусын нэгдсэн мэдээллийн сантай болжээ.

Ингэснээр цэрэг татлагад хамрагдаж буй залуус ямар өвчнөөр цэргийн албанаас чөлөөлөгдөж байгааг тоон мэдээллээр харах боломжтой болсон гэдгийг албаныхан хэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай ярихдаа “Цэрэг татлагад хамрагдаж буй залуусын өвчлөлийн хувьд мэс заслын өвчлөл болон чих хамар хоолойн өвчнөөр ихэвчлэн хасагдаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа залуусын тоо буурч байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас завсардаж буй залуус 20 гаруй хувьтай байгаа” гэв.

ЦЭРГИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БОЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

“Цэргийн албыг нэг жилийн хугацаатай биеэр хаах, хоёр жилийн хугацаатай гэрээт алба хаах, цэргийн албыг дүйцүүлэн хаах, оюутан цэрэг, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаах гэсэн таван хэлбэр бий” гэдгийг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэв. Хэрэв цэргийн албанаас зайлсхийж, бүртгүүлээгүй бол 100 нэгж буюу мянган төгрөгөөр, цэрэг татлагаас завсардсан иргэдийг 150 мянган төгрөгөөр торгодог эрх зүйн зохицуулалттай юм байна. Мөн Засгийн газраас жил бүр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоодог. Өнгөрөгч 2018 оны хувьд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 5,7 сая төгрөгийг тогтоосон байна. Цэргийн бүртгэлийг ажлын өдөр 09:00-19:00 цаг хүртэл зохион байгуулна. Амралтын өдрүүдэд нийслэлийн хороодод өглөө 10:00-18:00 цаг хүртэл бүртгэх юм байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404