Ерөнхийлөгчийн чих дахиад л халууцах нь, энэ удаад Зөвлөх Ш.Адьшаа
2018/12/26

УИХ-ын гишүүн болохыг хэдийнээс хүссэн Ш.Адьшаа  2012 онд “төрөлх” МАН-аасаа  жийгдэж  бие даан нэр дэвшээд ойчсон тэрээр шарандаа  АН-д элсчихэж билээ.  Одоо түүний АН дахь зам мөр тэгш шулуун болж байгаа бололтой.  Тэрээр АН-ын Ерөнхийлөгчид зөвлөж, намын нөлөөтэй эрхмүүдийн тоонд багтах болжээ.

Улстөрийн гойд намтаргүй, нийтэд нэг их танигдаагүй ч  түүнийг “Гааль”-ийн дэд дарга байснаар нь мэдэх хүн олон.  Учир нь тухайн үед Х.Баатарын хам хэрэгтэн хэмээн шалгагдаж, улс төрийн хар дансанд бүртгэгдсэн нь  олон нийтийн ой санамжаас балрахааргүй бараан түүх юмсанж.  Түүний гаалийн замнал нь хэрэг бүртгэгчээс эхэлсэн байдаг бөгөөд “гааль бол түүний зорилго байсан” ,  “гаалиас эхтэй түүний хөрөнгө хэдэн зуун саяар биш тэрбумаар хэмжигддэг” гэх зэргээр улс    улстөрийн хүрээний зарим нь түүнийг адлан хардаж, “Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан” хэмээн  нэрийдэх нь бий.

Гэвч түүнд өөрийн бизнес бий. Монголдоо л толгой цохьдог  “Улаанбаатар мед” хэмээх эмнэлэг, өнгө шийдлээрээ гайхуулдаг “Хүннү молл” төв  түүнийх.  Hunnu.mn сайт байгуулж хэвлэлийн салбарт ч хөрөнгө оруулаад амжсан.

Ш.Адьшаа “Ховд Хөгжлийн төлөөх сан” байгуулж  Ховд аймагт нэлээд зүйл хийж буй. “Ховдыг нутаг гэх нүдээр биш тойрог хэмээн харж хөрөнгөө зарж байна” хэмээн мөн л хардсан ч тэр Баруун Монголын бурхан шашинтны төв хэмээх 10 гаруй сахиустай Ганданпунцагчойлин хийдийг байгуулж нутгийн олонд бэлэглэсэн нь  Ховд нутгийнхны  харин ч талархлыг хүлээж хүндлэгдэх болсон  аж.  Гаалийн газрын дэд даргаар ажиллаж байхдаа хав дарсан хууль бус хөрөнгөөрөө эдгээр  аварга бүтээн байгуулалтуудыг босгосон байж болохыг дээхнэ үед зарим хэвлэлийнхэн хардаж бичиж байсан санагдана.   

Баталж чадахгүй бол хоосон хардаад ч яахав. Харин баттай нэг мэдээлэл бол  Засгийн газрын “Үнэ тогтворжуулах төсөл”-өөс 950 сая төгрөгийг  махны чиглэлээр авсан байжээ.  Ерөнхийлөгчийн чих дахиад л халууцах нь ээ дээ. Энэ удаад түүний Зөвлөх нь...

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404