Т.Бадамжунайгаас байцаалт аваагүй
2018/12/26

АТГ-аас мэдээлэл хийх үеэр төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаар сэтгүүлчид асуусан.  ЖДҮХС-гийн зээл болон 60 тэрбумын хэргээр төрийн албан тушаалтнуудаас байцаалт авсан эсэх талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариуллаа. 

ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?

УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тэдний хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ?

Хөгжлийн банктай холбоотой 30 гаруй дугаар бүхий хэрэг шалгагдаад прокурорт шилжсэн. Одоо шүүхэд хянагдаж байгаа..

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу? 

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь түр хугацаагаар гадаад руу явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа.

БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг шалгаж байгаа нь үнэн үү?

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байна. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан холбогдон шалгагдаж байгаа талаар тоо одоогоор хэлэх боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх.

60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэгбүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан. Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа. Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай.

Т.Бадамжунайг 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шалгах гэж дуудсан боловч хилээр гараад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэхгүй юу?

Т.Бадамжунайг 60 тэрбумын гэх хэрэгт дуудаж байцаалт аваагүй.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404