Энэ өвлийг л давчихвал, ирэх жил утаа 50 хувиар буурна
2018/12/17

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот дахь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахын тулд бүрэн шаталттай зуух нэвтрүүлсэн. Дараа нь түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан агаарт бохирдол бага ялгаруулдаг түлшээр сольсон.

Уг төслүүдийг Мянганы сорилтын сангийн дэргэдэх “Цэвэр агаар” төсөл, Дэлхийн банкны дэргэдэх “Улаанбаатар цэвэр агаар” төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлсэн. Ингэхдээ Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4.5 сая ам.доллар, “Жайка” хамтын ажиллагааны байгууллагаас 2.7 тэрбум төгрөг, нийт 87.2 тэрбум төгрөгийг зарцуулсан.  Үүн дээр Засгийн газрын 108.9 тэрбумыг нэмбэл 196.2 тэрбумыг зөвхөн утаа, агаарын бохирдолд  зарцуулсан байдаг. Ингэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч урагштай арга олоогүй өдийг хүрсэн.

Тэгвэл дахин “сайжруулсан түлш”-ийг хэрэглээнд оруулж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах “аргыг” олжээ. Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.

Уг сайжруулсан түлшний үйлдвэрийн нээлтийн үеэр “Утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярилаа. Утаа бол манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан. Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Ингэснээр агаарын бохирдол 50 орчим хувиар багасна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн

Удахгүй 2019 он гарна. Он гарангуут ирэх тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс борлуулахыг хориглох төдийгүй цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан.  Зөвхөн сайжруулсан түлш хэрэглэнэ. Уг сайжруулсан түлш нь стандартын чанарын шаардлага хангасан болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ. Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа аж.

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

 Утааны гол “буруутан” гэр хорооллын айл өрхүүд гэдэг. Улсын нийт хүн амын 60 хувь нь буюу үндсэн бүртгэлтэй 1 сая 350 мянган хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Үүнээс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр том, жижиг зуухнууд Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа гэж үзэн Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэх л үндсэн нэг сонголттой болох юм.

 Жилд айл өрхүүд 1 сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд оруулснаар жилд 600 мянган тонныг л түлнэ. Тийм ч учраас агаарын бохирдол 50 хувиар буурна гэдгийг хэлээд байгаа. Учир нь “Тавантолгой”-н нүүрс учраас шаталт сайн, шаталтын хугацаа урттай аж. Мөн уг сайжруулсан түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ажээ.

Энэ өвлийг л “амьд” давчихвал ирэх жил утаа 50 хувиар буурч, цэлмэг, цэнгэг агаараар амьсгалах цаг ирэх аж. Ээ дээ энэ өвлийг л мэнд даваад Ерөнхий сайдын хэлсэн “гэгээн” ирээдүйтэй золгохсон...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404