УИХ-ын чуулганы хуралдаан дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018/12/14

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы  нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо. Хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч хуралдааны ирц бүрдэхгүй багагүй хугацааг өнгөрөөсний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлсэн юм. Тэрбээр, “Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн шаардлага тавих тухай албан бичгийг надад ирүүлсэн. УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэдэг шаардлага өгсөн. Энэ шаардлага өчигдөр ч анх удаа ирж байгаа юм биш. Намайг УИХ-ын даргаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг мөн тавьж байсан.

Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж, энэ шаардлагыг ирүүлж байна. Эдгээр 38 гишүүний 34 нь манай намын гишүүд байгаа. Би гарын үсэг зурсан нөхдийгөө хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх, хэний даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа сайтар тунгааж үзсэн байхаа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Би хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсэж байна" гэлээ.

Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон. Гэвч ирц бүрдсэнгүй байсаар хуралдааныг хаав.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404