Багш нарын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2018/12/14

Засгийн газар, Монголын залуу багш нарын холбоо, Нийслэлийн боловсролын газраас "Оюуны элч-2018" залуу багш нарын дээд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд өнөөдөр /2018.12.14/ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг шинэ үеийг бэлтгэх үйлсэд эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй орчин цагийн залуу багш нарыгаа урамшуулан, өргөмжилж оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийн тод төлөөлөл сурган хүмүүжүүлэгчдээ алдаршуулах зорилгоор зохиосон. Улмаар шилдэг багш нарыг шалгаруулж, шагнаж, урамшууллаа.

Оны шилдэг их, дээд сургуулийн багш номинацид:

“Ховд” их сургуулийн багш Г.Нямдаваа

“Техник технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ

Оны шилдэг МСҮТ-ийн багш номинацид:

Налайх дүүргийн МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа

Оны шилдэг ЕБС-ийн багш: 

СХД-ийн 11 дүгээр сургуулийн багш н.Хатанбаатар

СХД-ийн 62 дугаар сургуулийн багш н.Мөнхзаяа

Дархан-Уул аймгийн 29 дүгээр сургуулийн багш н.Мөнх-Учрал

Оны шилдэг цэцэрлэгийн багш:

ХУД-ийн 134 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр

БЗД-ийн 147 дугаар цэцэрлэгийн багш Н.Хонгорзул

Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Г.Ганчимэг нарын шилдэг залуу багш нар шалгарч, тэргүүн, дээд шагналын эзэд боллоо.

Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Г.Ганчимэг “Өнөөдрийн залуу багш нарынхаа төлөөлөл болсон, Мголын боловсролын салбарын ирээдүй болсон залуу багш нарыг шагнаж урамшуулж байгаад талархаж байна” гэв. Мөн ХУД-ийн 134 дүгээр эцэрлэгийн эрэгтэй багш Ч.Төгөлдөр “Цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосондоо маш их баярлаж явдаг. Ирээдүйд цэцэрлэгийн эрэгтэй багш нар олон болтугай гэж хүсч байна” хэмээв.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож үг хэлэв. Тэрбээр “Багшийн цалин, хөлс бага учраас амьдралын наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Мөн багш мэргэжлийн үнэ цэнэ унаж, хэн дуртай нь багшийг гүтгэж, доромжилж нэр хүндэд нь халддаг болсон байна. Үүнээс үүдэн өнөөдөр зарим сургуульд бага ангийн, дуу хөгжмийн багш олдохгүй байдалд ороод байгаа. Энэ бол Монголын боловсролын салбарын хамгийн том эмгэнэл юм. Монголын боловсролын салбар өнөөдөр ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудад эрдэм ном заах багшгүй болтлоо бодлогоо алдсан байна. Багш нар өндөр хүүтэй цалингийн зээлэнд дарлуулж, өөрийн гэсэн орон гэргүй айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байна. Тиймээс 2019 онд багш нарын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Засгийн газар, НЗДТГ-тай хамтарч ажиллах болно” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404