Олбог шилжүүлэн суусны төдийд огцруулж байсан үеийг эргэн харахын учир
2018/06/18

 Төрийн түшээдийн зарим үйлдэл Төв цэвэрлэхийн үнэртэй дүйж магадгүй нь

Төрийн зарим түшээдийн сөрөг үйлдэл өнөөдөр жирийн иргэний баримтлах энгийн ёс журмаас ч нэн доогуур болсныг сонгогчид сайн мэднэ. Авлига, хээл хахууль, албан тушаал, тендэрийн төлөөх улаан цагаан өрсөлдөөн хийгээд огцруулах, алба ажил авах хуралдаанд 100 хувь оролцоод, ард иргэдийн аж амьдралтай холбоотой хууль батлахад тэн хагасаас илүүгийн суудал онгорхой байдаг зэрэг нь бараг энгийн үзэгдэл болсон. Сүүлдээ байчихаад хормой хот, шалиг самууны асуудалд холбогдон, тэр тухайгаа төрийн алтан соёмбын өмнө нүүрний ямар ч хувиралгүй тайлбарлаад зогсож байдаг болов. Цаашлаад шүүхийн танхим дотор салаавч үзүүлсэн, чуулганы танхимд нэгнээ ёс бусаар хэлж доромжилсон үйлдэл тасрахгүй шинжтэй.

Түүнийгээ УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн маягаар цагаатгаад өнгөрнө. Чуулганы чөлөөт цагаар ч зарим нэг түшээ олон нийтийн газарт төрийн хүнд зохихгүй үг яриа дэлгэж, халдашгүй бүрэн эрх гэдгээр бамбай барьж явсныг гэрчлэх хүмүүс бий.

Эдгээр байдлыг л зарим төрийн түшээгийн ёс бус үйлдэл төв цэвэрлэх байгууламжийн үнэртэй агаар нэг болсон хэмээн үзэж буй хэрэг.

Тэгвэл өдгөөгөөс зуун жилийн тэртээ Монгол төрийн ёс зүй ямар байв? Жирийн иргэд төрийн хүний болчимгүй үйлдлийг хэрхэн шүүмжилж байсан бэ гэдгийг эргэн сөхөж үзье.

Зуун жилийн тэртээд ч ардууд зохиосон дуугаараа авлигачидтай тэмцэж байв

Зуун жилийн өмнө ч авлига, хээл хахуульд идэгдсэн түшмэд ноёд байж л байсан. Харин тэдэнтэй жирийн иргэд хүчээ нэгтгэн тэмцэж чаддаг байсныг Ховдын Цэцэг нуурын дугуйлан, Ард Аюушийн хөдөлгөөнөөр уншигчид сайн мэднэ.

Орчин үеийнх шиг олон нийтийн сүлжээ, цахим орчингүй байсан тэр цагт ардууд дуу зохион дуулж, тэр нь орон даяар тархаж, нутаг нутгийн авлигачдыг шоглон шүүмжлэх бас нэг арга болж байсан байдаг.

Дэнс дэнс мөнгөөр

Дэлхийгээ худалдсан сайдууд

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан сайдууд

хэмээн дуулж байсан бол өөр нэг ардын дуунд

Арслангийн хөл нь хугараад ирвэл

Айлын нохойноос юуны нь өөр вэ

Аймгийн ноёдын хэрэг буруудвал

Ард биднээс юуны нь өөр вэ

Харцагын хөл нь хугараад ирвэл

Хараацай шувуунаас юуны нь өөр вэ

Хаад ноёдын хэрэг буруудвал

Харц биднээс юуны нь өөр вэ

Барсын хөл нь хугараад ирвэл

Байлинз шувуунаас юуны нь өөр вэ

Баахан ноёдын хэрэг буруудвал

Барлаг биднээс юуны нь өөр вэ хө хэмээн дуулж, өөр өөрийн хошуу нутгийн авлигач түшмэд ноёдоос ам асуун тэмцэж байжээ.

Энэ ч ёсоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгалын үеэр төрийн өндөр түшээгийн эрх мэдлээ авлигаар арилжсан шанзав Бадамдорж албанаасаа огцорч хөдөөлөн, нутгийн айлын хаяа түшин тарчигхан амь зууж байгаад мөнх бусыг үзүүлсэн нь үүний нэг жишээ. Авлигач ноёд, түшмэдтэйгээ амь насаараа дэнчин тавин үзэлцэж дийлж ирсэн баримт хошуу нутаг бүхэнд байсан нь сошиалгүй ертөнцөд ч ард иргэд өнөөгийн биднээс өчнөөн хувь илүүтэйгээр шударга ёсны төлөө тэмцэж байсныг гэрчилнэ.

Төрийн өргөөнд болчимгүй үг хэлж, олбогоо шилжүүлэн суух төдийд албанаас огцруулж байсан зуун жилийн өмнөх түүхээс

УИХ-ын эрхэм гишүүд сүүлийн 20 гаруй жилийн туршид чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн томоос том бамбайтай явж ирлээ. Түүнийгээ чуулганы танхимаас гадуур ч хэрэглэх болж.

Харин зуун жилийн тэртээ төрийн өргөөнд болчимгүй үг хэлсэн төдийд л албанаас нь огцруулж байжээ. Энэхүү жишээг 2016 оны өвөл МУИС-ийн дугуй танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монголын тусгаар тогтнол-1911 он” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал дээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор (Рh.D), профессор Г.Мягмарсамбуугийн тавьсан илтгэлийг дуу хураагуурт хадгалсандаа тулгуурлан сийрүүлэв. Эдгээр баримт бүгд Үндэсний төв Архивын сан хөмрөгт хадгалагдан байдаг аж.

1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үйл явдалд зориулан Нийслэл хүрээнд шар өнгийн хамба торгоор бүрсэн арав гаруй ханатай том гэр барьж Төрийн шар орд болгон төрийн гол ёслолуудыг тэнд үйлдэж байжээ.Тэр гэрийг хожим 1924 онд Улсын Хурлын газар болгосон байна. Тус өргөө одоогийн Төрийн ордны хойхно байсан ч гэдэг.

Тэрхүү өргөөнд 1913 оны өвөл Богд хаан, Улсын эх дагина хоёрт даншиг өргөх их ёслол болж, түүнд оролцож байсан Нийслэл хүрээний Хамба номун хан Пунцаг бусад ноёдын хамт Богдод баярын хадаг өргөхөөр ээлжээ хүлээн зогсож байтал Дотоод яамны дэд сайд, Сэцэн чин ван Гомбосүрэн түүнд дөхөн ирж “Та өргөх мөнгөө даахгүй ядаж байна уу” хэмээн ёжилжээ. Төрийн ордонд унагасан уг болчимгүй дэмий үгийнх нь төлөө удалгүй Сэцэн чин ван Гомбосүрэнг Богдын зарлигаар дэд сайд хийгээд Сэцэн хан аймгийн чуулган даргынх нь албан тушаалаас огцруулжээ. Учир нь түүнд гүтгүүлсэн Нийслэл хүрээний Хамба номун хан Пунцаг нь шашны эрдэм ухаанаараа ялгарсан, төрд 20 гаруй жил шударгаар зүтгэсэн эрхэм байсан бөгөөд хэдийгээр Сэцэн чин ван Гомбосүрэн Монголыг Манжаас тусгаарлахад гавьяа байгуулсан хүн боловч төрийн орд өргөөнөө ёс бус үг хэлж бусдыг егөөдсөний улмаас дэд сайдын тушаалаасаа үг дуугүй огцорчээ.

Хурлаасаа хоцорсны төлөөсийг шар тосоор...

Зуун жилийн өмнө ба хойно төрийн түшээдийн ёс зүй, хариуцлага ямар байгааг харьцуулж үзье.

УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагдан хойшлох нь өнөөдөр бараг жирийн үзэгдэл болсноос гадна “чөлөөт цагаараа чуулганд морилдог” гишүүд ч байдаг болсон. Харин сая тийм гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тэгвэл 100 жилийн өмнө ийм үйлдэлд хатуу хариуцлага оноодог байсныг түүх гэрчилж байна.

Богд хааант Монгол Улсын үед ажлаас хожимдсон Улсын Хурлын гишүүдэд шар тосоор торгууль оноож, сүм хийдүүдэд зул өргөх тосны нөөцийг бүрдүүлэхэд зарцуулж байжээ. Шар тос тийм ч амар олддоггүйн дээр үнэ өртөг их тул хурлаас хоцрогсдод багагүй ачаа болдог байж. Дээд Хурлын гишүүн хурлаасаа 15 минут хоцорвол Нийслэл Хүрээний гол дөрвөн шүтээний олон том цөгцөнд гурван өдөр, шөнийн турш зул барих шар тос, 15-20 минут хоцорвол 6 хоног, 35-40 минут хожимдвол нэг сарын турш өдөр шөнөгүй зул өргөх шар тосны торгуульд унадаг байсан ажээ. Торгуулиа цагтаа төлж барагдуулаагүй зарим нь хугацаа сунгаж өгөхийг хичээнгүйлэн хүссэн захидал илгээдэг байж.

Шүүх яамны дэд сайд, жанжин бэйл Дугаржав 1912 оны намар хоёр сарын чөлөө мэдүүлж нутаг буцсаны дараа дахин эхийн бие муудлаа хэмээн чөлөө нэмж гуйжээ. Гэвч яамны зүгээс нэмж чөлөө олгохгүй, ажил цалгардана хэмээн нийслэл хүрээнд буцааж ирүүлэхээр дуудсанд Дугаржав эргэж ирсэнгүй. Тиймээс Богд хааны зарлигаар дэд сайдын тушаалаас нь огцруулж зэрэг хэргэмийг нь цуцалжээ. Төрийн түшээдийн сахилга, хариуцлага тийм өндөр байсан аж.

Заасан суудалд суугаагүйн төлөө шууд огцруулдаг байв

Өдгөөгийн УИХ-ын гишүүд заагдсан суудалдаа суух учиртай боловч босч суун бусдын сандалд тухалж, санал хураалтын үед эргэн тойрны эзгүй ширээний товчлуурыг дур мэдэн дарж, сэтгүүлчдээс “төгөлдөр хуурч” хоч хүртсэн нь цөөнгүй.

Тэгвэл нэгэн зууны тэртээ бусдын суудалд суух бүү хэл, өөрийн олбогийг үл ялиг шилжүүлсний төлөө, басхүү ёс ямбаны хувцсаа буруу хэрэглэсний төлөө хариуцлага хүлээдэг байжээ.

1914 оны нэгдүгээр сарын 10-нд Сэцэн хан аймгийн Илдэн ван Жамъянчойжилсүрэн мөргөл үйлдэхээр Нийслэлд ирж, Төрийн их ордод бараалхахдаа хүрэм өмссөнгүй. Бас олбогоо зааснаас өөр газар дэвссэн ажээ. Хурлын дундуур цай хүртээхэд “Хожим хүртэе” хэмээн хүлээж авсангүй. Ийм гурван алдааг нэгэн дор гаргаад төрийн ёс журам зөрчсөн хэмээн Бүгд Ерөнхийлөн Захирах Яаманд дуудагдан байцаагджээ.

Сэцэн хан аймгийн Илдэн ван Жамъянчойжилсүрэн ингэж алдаа хийснээ тайлбарлахдаа “Өчүүхэн би эрдэм чадал мөчид харгайгаас болж Төрийн ордонд бараалхахдаа хүрэм өмссөнгүй. Аягаа авч очоогүй учраас цайг дараа хүртэе гэсэн. Бас суух дэвсгэрээ бага зэрэг хойшлуулсан нь үнэн. Мунхаг миний буруу тул эндсэн осолдсоныг өршөөхийг гуйя” гэжээ. Гэвч түүнийг өршөөсөнгүй. Харин ч өөрийгөө үзсэн, сонссон эрдэм чадалгүй гэсэн нь ёс мэдэхгүй, төрийн ёс журмыг ухаж ойлгохгүйн илрэл, хошуу захирч, олныг илбэн тохинуулж чадахгүй хэмээн Богдын зарлигаар “Их орд харшид бараалхахдаа ёсыг зөрчсөн” хэмээн огцруулжээ.

Бас Сэцэн хан аймгийн түшээ гүн Цэрэнням шинэ тамгаа хүлээн авахаар Төрийн ордонд ирэхдээ төв ёсны хувцас хэрэглэлгүй, хятад маягийн хувцас өмссөн хэмээн зургаан сарын цалин пүнлүүгээ хасуулжээ.

Мөн Дотоод яамны тэргүүн сайд Да лам Пунцагдорж 1922 оны цагаан сараар Богд хааны амгаланг айлтгах ёслол дээр цол гуншинг буруу зарлаж будилсан учир Ардын Засгийн газраас түүнийг албанаас нь огцруулжээ. Да лам Пунцагдорж нь хар багаасаа төрд зүтгэсэн төр, шашны нэртэй зүтгэлтэн байсан ч нэгэн удаа цол гуншин буруу дуудсаны улмаас төрийн албанаас ийнхүү буужээ.

Төрийн сүлдэнд мөргөж чадаагүй нь миний хүүгийн буруу

Өнөөдөр төрийн түшээд ёс зүй, хариуцлагын алдаа гаргах нь хэвийн мэт болсон атал харьд суугаа монгол элэгтнүүд маань Монгол төрийн сүлдээ сүслэн дээдэлдэг нь хэвээрээ байна. Үүнээс хоёрхон жишээ татъя.

Өнгөрсөн 2017 оны намар багаасаа Дилов хутагт Жамсранжавын дэргэд суусан настан буурал Дашийн Лувсанхайдав гуай 53 жилийн дараа Монгол орондоо хүүгийн хамт морилж, Төрийн ордонд бараалхахаар ирсэн юм. Д.Лувсанхайдав гуай өөрөө монгол дээлээ ном ёсоор өмсөж, шар дурдан бүс шавхийтал ороосон ч хүү нь монгол цустай хэдий ч Америкт төрж өссөн нэгэн тул жинсэн өмдтэй хүрч ирсэнд Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд дотогш нэвтрүүлсэнгүй.

Өвгөн ламтан хүүгээ оруулж өгөхийг гуйх болов уу гэтэл тэгсэнгүй. “Монголын минь төр хатуу хэвээрээ байгаа юм байна. Дэг журмаа хатуу барьсаар байгаа нь сайн. Төр нь хатуу байж улс орон хөгждөг юм" хэмээн харин ч ихэд олзуурхав. Ингээд хүүдээ “Миний хүү өөрийн буруугаас Монгол төрийн алтан сүлдэнд сүслэх хувь дутлаа”хэмээн гадаа орхиод ордонд морилсон билээ.

Халимаг цэргийн тугийн зэвийг Төрийн ордонд цэнгүүлсэн нь

ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова гуай 2017 оны хавар мөн л хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн нөхдийн хамт Төрийн ордонд бараалхсан. Тэд бүгдээрээ үндэснийхээ хувцсаар гоён Монгол төрөө ихэд хүндэтгэн бараалхсан билээ.

Нина Уланова гуай Халимагийн язгууртан гаралтай хүн бөгөөд нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байжээ. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулсан түүхтэй. Энэ буурал өөрийн өвөг дээдсийн шүтээн болох тугийн бумба /Тугийн зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлсэн юм. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь энэхүү бумба ажээ.

Тэрхүү байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.

Элэг нэгт монголчууд маань харь холоос Төрийн ордныг зорин ирж, төрийн сүлдэнд сүслэхдээ манайхны хэдэн зууны тэртээгээс төрөө эрхэмлэн хүндэлдэг асан дэгийг ёсчлон барьж байхад өнөөдрийн эрхэм түшээдийн ёс зүй ямар байгааг эндээс эрх биш харьцуулан дүгнэж болох мэт. Тэгээд л төрийн зарим түшээгийн ёсонд хазгай үйлдэл төв цэвэрлэхийн үнэртэй агаар нэг болох нь ээ хэмээсэн билээ.

       Д.ОЮУНЦЭЦЭГ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404