УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдэв
2018/12/11

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Билэгт, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сан бол эдийн засгийг сэргээх чухал сан байсан. Үүгээр дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн хэдий ч УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс энэ зээлийг авч, ёсзүйгүй ажиллагаа болсон. Тиймээс энэ асуудалд ард иргэдээс гадна гишүүд маш их эмзэглэж байна. Гэтэл энэ асуудал сүүлдээ замхрах талдаа орж байна. Хуулийн байгууллага үүнийг сайтар шалгах ёстой. Тиймээс УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарыг үсэг зурж, бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Үүнийгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байна. Бидний энэхүү зарчмыг УИХ-ын бүх гишүүд нэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахыг уриалж байна" гэлээ. 

Уг бичигт нийт 22 гишүүн гарын үсэг зураад байгаа гэнэ. "Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд өнөөдрийг хүртэл ирц бүрдүүлж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суун, хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал байна" хэмээн гишүүд ярив.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404