Авлига авсан хүмүүс илүү амжилтад хүрдэг гэж хүүхдүүд үзжээ
2018/12/06

Хүүхдүүдийн хувьд шударга байдлыг гэр бүлээсээ хамгийн их үлгэр дууриалал авдаг бол сургуулийн орчин багш нараас энэ тухай харж, суралцаж байдаг аж.  Тухайлбал,

  • Хоёр хүүхэд тутмын нэг нь /49.7 хувь/ "Хэзээ ч худал хэлж, хууран мэхэлдэггүй, итгэж болох хүнийг шударга хүн гэнэ" гэж үзэж байна.
  • Шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжлийн хувьд аюултай гэж хүүхдүүдийн 72 хувь нь үзсэн.
  • Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй байна гэж хүүхдүүдийн 72.1 хувь нь үзэж байна.
  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43 хувь нь үзжээ.
  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2  хувь нь "зөвшөөрнө" гэжээ.

Хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоосон байна. Учир нь худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой гэнэ.  Дээрх судалгааг олон улсын "Транспаренси Интернэйшнл" байгууллагатай хамтран Хүүхдийг ивээх сангаас хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан. Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 70 гаруй хувь нь “Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь худал хэлдэг, хууран мэхлэх нь хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг" гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийнхөн ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404