"Хойч үедээ үлдээх" баялгийн сантай болъё
2018/12/05

Иргэддээ ямар ч хүүгүй зээл олгож,  байрны мөнгийг нь төр нь даадаг  зөв хөгжсөн улс бий. Тэр бүү хэл зарим үед зээлтэй иргэдийнхээ бүх өрийг тэглэдэг гэнэ.  Иргэд нь үнэгүй боловсрол эзэмшихээс гадна ажилгүйдлийн тэтгэмж сарын 800 доллар,  сүйт залуу 240 мянган доллар, хувийн байшингаа барихад төрөөс 1 сая доллар, хүүхдийн тэтгэмж нэг хүүхдэд 200 доллар гээд элдэв тэтгэмж хангамж авдаг аж.

Цахилгаан дулаан, байрны мөнгийг нь ч төрөөс даадаг. Ийм нэгэн жаргалтай орон бий. Энэ бол дэлхийн хамгийн баян орны эхний 7-д бичигддэг Кувейт улс.  25-хан жилийн өмнө хөрш орондоо улс орноо галдуулж үнсэн товрог болж байсан  энэ улс энэ богино хугацаанд ингэтлээ баяжиж, иргэдийнх нь амьдралын түвшин дээшилсэн гол шалтгаан бол нефть.

Гадны бодлогод  автахгүйгээр баялгаа зөв зарцуулсан хийгээд эрх баригчид нөөцийн бодлогод гойд анхаардаг аж. Ерөнхий сангийн болоод "хойч үедээ үлдээх"  гэсэн 2 төрлийн нөөцийн бодлоготой. 

Монгол улсын хувьд энэ орноос хавь илүү байгалийн баялагтай, өргөн уудам нутагтай.  Гэвч толгойгүй мунхаг эрх баригчдын ачаар  баялаг ч үгүй, амар тайван амьдрал ч үгүй болох нь ээ.  Баялгаа зөв зарцуулж шударгаар хуваарилах нь бүү хэл хээл хахуулийг цэцэглүүлж, баялгийн үр шимийг хэдүүлхнээ завшиж байгаа хамгийн тод, хамгийн увайгүй жишээнүүдийг Монголоос л харж болно.

Нарийвчилсан тооцоогоор Менделеевийн үелэх системийн 111 элементийн 66 нь Монголын хөрсөн дороос олдсон гэдэг. Байгалийн энэ их нөөцийг улс орныхоо ирээдүйн хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд ухаантай, шударгаар зарах шаардлагатай байгааг ойлгодоггүй харгис төр, харанхуй түшээдэд түмэн олон өөрсдөө сануулж ойлгуулах цаг болжээ. 

Үр ашгаа өгдөггүй олон төслийг зэрэгцүүлж, авсан ашиг ч гүй газар нутгаа дэмий баахан онгичуулж байхаар ирээдүйд үр хүүхдүүддээ хадгалж үлдээсэн нь дээр биз ээ. Баялгийн тухай яриа сэдэв бүрт "хойч үедээ үлдээх" сан, Кувейтийн бодлогыг сануулж байя

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404