Японы машин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ АНУ-д явуулж магадгүй
2018/12/03

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Аргентины нийслэл Буэнос Айрест “Их 20”-ын чуулганд оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаад худалдааны чиглэлээр чухал тохиролцоонууд хийгээд байна.

Тэр Баасан гарагт өөрийн хоёр хөрш болох Канад, Мексик улсуудтай худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулсан нь АНУ-ын талд өмнөхөөсөө илүү ашигтай тусаж байгаа. Бямба гарагт Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй зоог барихдаа Хятадын зах зээлд ажиллах Америкийн компаниудаас технологийг нь хүчээр шилжүүлж авдаг нөхцлийг өөрчилж, оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулахаар тохиролцсон. Бас 90 хоногийн хугацаанд Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин импортын татвар нэмж оноохгүй байхаар тохиролцжээ. Тэгвэл эдгээр хэлэлцээрүүдийн дараа Вашингтон анхаарлаа Японтой хийдэг гадаад худалдааны алдагдалд хандуулж эхэлсэн байна. Тодруулбал АНУ-ын худалдааны алдагдлын гурав дахь том үүсгүүр болох Японтой ирэх оны нэгдүгээр сарын дундаас эхлэн хэлэлцээр хийж эхлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Өнгөрсөн сард конгрессын сонгуулиар төлөөлөгчдийн танхимд олонхын суудлаа алдсан Бүгд Найрамдахчуудын хувьд гадаад худалдааны алдагдлаа бууруулах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Хэрвээ ингэж чадвал Трамп 2020 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нэмэгдэх юм.

Баасан гарагт Буэнос Айрест Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа Дональд Трамп хоёр орны хоорондын худалдааны алдагдлын хэмжээг “маш их” гэж онцлоод түргэн хугацаанд тэнцвэржүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Урьдчилсан байдлаар Трамп Японы зах зээлийг Америкийн автомашин үйлдвэрлэгчдэд нээж, Японы автомашин үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ АНУ-ын газар нутагт явуулах шаардлага тавьж магадгүй байна.

Тэр автомашин үйлдвэрлэлийн салбарыг Японтой хийдэг худалдааны алдагдлын гол хөшүүрэг гэж үзэж байгаа. 2017 оны байдлаар АНУ-ын Японтой хийдэг худалдаанаас үүсч буй алдагдлын 75 орчим хувь энэ салбарт ноогдож байжээ.

Одоогийн байдлаар Япончууд өөрийн зах зээлд нэвтрэх гадаадын автомашинд байгаль орчны болон аюулгүй байдлын өндөр шалгуур тавьдаг. Энэ саадыг бууруулах нөхцлийг АНУ-ын зүгээс тавьж магадгүй байна. Автомашины салбарын дараа АНУ-ын Японтой хийдэг гол наймаа нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404