Оны эмэгтэйг шалгаруулна
2018/12/03

Оны эмэгтэйг  шалгаруулна

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн  нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг бодитойгоор үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбарын оны эмэгтэйг шалгаруулахаар болжээ.  

Шалгаруулалтанд доорх номинаци тус бүрд хамаарах Монголын эмэгтэйчүүд оролцох эрхтэй. Оны эмэгтэйд тухайн эмэгтэй өөрөө өөрийгөө болон хамт олон, эмэгтэйчүүдийн болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нэр дэвшүүлж болох юм.

 Оны эмэгтэй шалгаруулах номинацийг дараах төрлөөр тогтооно.

Үүнд:

  1. Оны малчин эмэгтэй
  2. Оны тариаланч эмэгтэй
  3. Боловсролын салбарын оны эмэгтэй
  4. Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй
  5. Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй
  6. Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэгтэй
  7. Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй
  8. Уул уурхайн салбарын оны эмэгтэй
  9. Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй
  10. Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй
  11. Спортын салбарын оны эмэгтэй
  12. Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй
  13. Бизнес эрхлэгч оны эмэгтэй

Номинацид нэр дэвших эмэгтэйчүүд үндсэн үйл ажиллагааныхаа хамгийн өндөр үнэлгээ авахаар байх;  Тухайн салбартаа улс, олон улсад  ололт, амжилт гаргасан байх; Охид, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх болон ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх; Иргэний нийгмийн үйл ажиллагаа, хүчирхийлэл, дарангуйллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өөрийн санаачилгаар оролцсон байх; Гэмт хэрэг, ёс суртахууны сөрөг үйлдэлд холбогдоогүй байх;  Нийгмийн салбарт хандив тусламж үзүүлсэн байх; Олон хүүхэд төрүүлж өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн бол шалгаруулалтанд давуу эрхтэй байна; Өөрийн эрхэлсэн ажилд үнэмлэхүй амжилт гаргасан байна зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг ханггасан байх юм.

Долоо. Оны эмэгтэй шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал:

          7.1. Оны эмэгтэйгээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

          7.1.1.  Шинэ бүтээл, оновчтой санаачлага, тэргүүний туршлага гаргаж нэвтрүүлсэн гэрчилгээ, патенттай байх;

          7.1.2. Дэлгэрэнгүй анкет (Төрийн албан хаагчийн анкетын маягтаар, иргэний үнэмлэх, сургууль төгссөн дипломын хуулбар);

      7.1.3. Ажлын үзүүлэлт, гаргасан амжилтын тодорхойлолт, танилцуулга; /Өөрөө бичсэн эсвэл нэр дэвшүүлсэн байгууллагын тодорхойлолт/

        7.1.4. Ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа. /Ажлын газрын болон бусад байгууллагын нэмэлт тодорхойлолт, гаргасан амжилт бүтээлийг нотлох баримт, медаль, цол, өргөмжлөл, сертификат, бичлэг, фото зураг гэх мэт/

Шалгаруулалтын материалыг 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Монголын эмэгтэйчүүдийн холбооны шат шатны байгууллагад авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70008336 дугаараас лавлаж болно.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404